"Мэндчилгээ"
Монголын хурдан морины уралдаан, морьтны соёлын нэрт зүтгэлтэн Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатар маань Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртсэнд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд ах дүү хоёр тод манлай хэмээн алдар нь дуурссан Дагвадорж гуайн хоёр хүү бол Монголынхоо хөгжил дэвшил мандал бадралын төлөө сэтгэл оюунаа зориулахын зэрэгцээ хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа хүмүүс юм.
Д.Ганбаатар тод манлай өөрөө олон хүлэг морьдынхоо хурдаар төр түмнийхээ баяр цэнгэлийг чимж, сайхан адуу цогцлоохын зэрэгцээ ММСУХ-ныхоо бодлого үйл ажиллагааг ямагт дэмжиж , ивээн тэтгэж, монгол уяачийн эрхэм ёс жудагийг дээдэлж энэ цагийн морьтны үйл хэргийн эрхэм зүтгэлтэн билээ.
Тэрбээр хэдэн мянганы түүхтэй монголын малч ухааны дээд эрдэм монгол уяачийн алдрыг дэлхийд дуурсгаж эрхэм түүхийг бүтээж яваа билээ.
Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР