“Говь шанхын хурд-5” говийн бүсийн хурд-2015 уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдлаа
Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15/02 дугаар тогтоолоор түүхт 20 жилийн ой, болон 5 бүсийн уралдаанаа товлон, Засгийн газарт 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр хүсэлт тавьж, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу Монгол улсын минь өмнөд хязгаар Өмнийн цэнхэр говьд олон газрын хурд чуулсан өргөн дэлгэр сайхан наадам 07 дугаар сарын 24-наас 26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Говь-Шанх-5” Говийн бүсийн хурд-2015 зуны уралдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, “Монголын хурдан морины уралдааны дүрэм”-ийн дагуу аймгийн баяр наадамтай хамтатган амжилттай сайхан зохион байгуулж өндөрлөлөө.
Энэхүү хурдан морины уралдаанд Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Даваахүү, А.Батсүх, Д.Дагвадорж, Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Манлай Уяач , Д.Эрдэнэчулуун , Н.Хүрлээ, Монгол Улсын Алдарт Уяач Б.Баярсайхан, Д.Баянбат болон улс, аймаг, сумын цолтой ахмад үеийн болон залуу уяачдын уяж сойсон нас насны 1000 гаруй хурдан хүлэг морьд уралдлаа.
Говийн бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулалтыг хангах зорилгоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, аймгийн Өмнийн говийн хүлэг МСУХ, Өмнөговь аймгийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн Хурлаас томилсон комиссоор,Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүлэгч Ц.Ганхүү, Х.Бадамсүрэн, нар хүрэлцэн очсон байна.
“Говь Шанх-5” Говийн бүсийн зуны уралдаанд нийт 17 аймгийн 98 сумын уяачид худан хүлгээ сойж наадаснаас Дундговь аймгийн уяачид нийт 4 түрүү, 10 айраг, Өмнөговь аймгийн уяачид 3 түрүү,15 айраг, Завхан аймгийн уяач 1 түрүү, Төв аймгийн уяачид 4 айраг,Баянхонгор, Дорнод аймгийн уяачид 2 айраг, Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Говь-Сүмбэр, Архангай аймгийн уяачид тус бүр 1 айраг хүртэж хурд хуваан урамтай наадацгаалаа.
Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон баяр наадмын морины комисс нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй /цагдаа, цэргийн хүчний хамт/ ажиллаж уг арга хэмжээг чанар үр дүнтэй зохион байгуулж ажиллаа
“Говь Шанх-5” Говийн бүсийн зуны уралдааны үеэр хүчит 128 бөхийн барилдаан, Сур,шагайн харвааны тэмцээн боллоо
Баяр наадамд нийт 128 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харъяат Монгол Улсын Заан, Ч.Санжаадамба түрүүлж, Төв аймгийн Баян сумын харъяат Монгол Улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ.
Сурын харваанд
“Говь-шанх -5” Говийн бүсийн хурдан морьдын уралдаан, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жил наадамд 100 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорьлоо.
Эрэгтэй
1. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Хил хамгаалах Ерөнхий газар, Хилчин биеийн тамир спорт хороо, 0253-р анги, “Гложекс” ХХК-ийн харваач, улсын мэргэн Б.Ёндон, 37 оноогоор түрүүлсэн
Эмэгтэй
1.Спортын мастер Х.Даваацэцэг 36 онож тэргүүллээ.
Шагай
Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жил, Говийн бүсийн хурдан морьдын уралдаан, Говьшанх -5 наадмын шагайн харваанд 30 гаруй баг харваачид оролцжээ.
Багийн харваанд
1. Дорноговь аймгийн Энх-Ерөөлт ахлагчтай баг түрүүлж,
2. Өмнөговь аймгийн Б.Түвшинбаяр ахлагчтай баг
3. Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг 3-р байрт шалгарлаа.
Хувийн цуваа харваанд
1. Э.Болд тэргүүлж,
2. И.Бямбасүх,
3.Б.Мөнх-Эрдэнэ нар удааллаа.
Ахмадын буутай багийн харваанд
1. Дорноговь аймгийн Ц.Жинлэн ахлагчтай баг түрүүлж
2. Өмнөговь аймгийн Ж.Доржваанчиг ахлагчтай баг,
3. С.Батнасан ахлагчтай багууд тус тус удааллаа.
Буутай цуваа харваанд
1. З.Цэрэндорж,
2. Д.Давдай,
3. Д.Долгор нар эхний 3 байрт шалгарлаа.