“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөн Хан Хэнтий аймагт зохион байгуулав.
2013 оны анхны “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт 3 дугаар сарын 24 нд зохион байгуулав.
“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөний гол үзэл санаа бол 3000 онд ч гэсэн монголчууд хурдан хүлэг морьдоо уяж уралдуулан төрт ёсны баяр наадмаа хийж байхын билэгдлийг агуулдаг. “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг өнгөрөсөн 2012 онд Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 16 аймагт зохион байгуулж уяачидтайгаа зөвлөлдсөн билээ. 2013 оны анхны “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт 3 дугаар сарын 24 нд зохион байгуулав. Уг зөвлөгөөнд Хэнтий аймгийн бүх сумдын уяачдын холбооны тэргүүн болон уяачдын төлөөлөл болсон 150-иад уяач, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Хэнтий аймгийн “Сэцэн ханы хурд” МСУХ-ны тэргүүн Т.Батжаргал, ММСУХ-ноос Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, тэргүүлэгч гишүүн У.Буяндэлгэр, Д.Төмөрбаатар, М.Мөнхбаясгалан, Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Ц.Хэнмэдэх, монгол улсын манлай уяач Б.Бат-Өлзий, залуу уяач Д.Сүхбаатар, ажлын албаны дарга Я.Болдбаатар, Л.Галмандах нар оролцов.
“Монгол уяач-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нээв. Тэрээр Хэнтийн уяачид бидний хувьд бол 2013 он чухал жил. Учир нь 2013 онд манай Хэнтий аймаг үүсэн байгуулагдсны түүхт 90 жилийн ой тохиож байгаа, мөн 2014 онд галшар адууг бий болгосон Хардэл жанжин бэйс Пүрэвжавын мэндэлсний 170 жилийн ой тохионо. Тэгэхээр манай Хэнтий бол хэзээнээсээ сайн уяач, хурдаг хүлэг морьдоороо зартай нутаг. Сүүлийн жилүүдэд манай нутгийн уяачдын уясан морьд улсын наадамд түрүүлж айрагдах бага болсон. Сайн уяачдыг төрүүлэх, адуугаа улам сайжруулж “Галшар” адуугаа монгол даяар алдаршуулах нь туйлын чухал байна гэв.
“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг нээсний дараа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын мэндчилгээг зөвлөгөөнд оролцогсдод уншиж танилцуулав. Мөн “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөний үеэр тухайн салбар холбоонд ММСУХ-ны батламжийг гардуулдаг билээ. ММСУХ-ны батламжийг Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн Т.Батжаргалд гардуулав.
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн өнөөдрийн бидний хийж буй “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөн бол хурал биш монгол уяачид гэртээ дугуйрч суугаад хурдан хүлэг морьдоо ярьдаг шиг илэн далангүй яриаг өрнүүсэн хоорондоо зөвлөлдсөн ийм зөвлөгөөн байх ёстой гээд ММСУХ-ны бодлогын цөмд 3 төрлийн уралдааныг цаашид хөгжүүлж авч явахыг зорьж байна.
1-рт Үндэсний хурдан морины уралдаан.
2-рт Эрлийз морьдын уралдаан
3-рт Цэвэр цусны морьдын уралдаан гэсэн ийм 3 төрлийн уралдааныг бий болгож цааш нь хөгжүүлэх, уламжлуулж авч явна.
Монголын үндэсний хурдан морины уралдаан гэдгийг өчигдөр, өнөөдөр бий болоогүй зүйл. Энэ уралдаан бол 2000 гаруй жил өмнө үүссэн гэж яригддаг. Монголчууд бидний уламжлал, соёлыг хадгалсан энэ уралдааныг яг энэ хэлбэрээр цааш үргэлжлүүлэн авч явах ёстой монголчууд бид. Энэ уралдаанд хүүхэд морио унадаг байх ёстой. Харин унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг уяачид, уралдаан зохион байгуулж байгаа хүмүүс хамгаалах ёстой.
Эрлийз морьдын уралдаан: энэ уралдаан бол илүү спорт чиглэлээрээ хөгжих ёстой.
Цэвэр цусны морьдын уралдаан буюу морин тойруулга бол гэдэг дэлхий нийтэд хөгжсөн ийм уралдаан. Энэ уралдааныг монголдоо бий болгох ёстой.
2013 он бол монголын уяачдын хувьд онцгой жил. Учир нь энэ жил монгол улсад адууны яам байгуулагдсны 750 жилийн ой, мөн монгол адууг дэлхийн адууны каталогт оруулах, монголчууд бид анх удаа дэлхийн адууны баярыг анх удаа дэлхийд хийх гэж байна. Энэ баярыг сурвалжлахаар дэлхийн олон ТВ-үүд ирэхээр болж байгаа. Мөн 3000 их насны морь уралдуулж Гиннесийн номд энэ уралдааныг бүртгүүлнэ.
Өнгөрсөн долоо хоногт Хонг Конгт Азийн морин уралдааны холбооны гүйцэтгэх зөвлөл хуралдлаа. Энэ хуралд би очиж оролцлоо. Энэ хурлаас бас нэгэн чухал шийдвэр гарлаа. Энэ бол манай холбооны алтан морь шагналыг Азийн морин уралдааны шагнал болголоо. Тэгэхээр тухайн жилд Азийн морин уралдааны холбооны нэг шилдэг хүнд олгож байхаар тогтлоо гэсэн үг. /Зөвлөгөөнд оролцогсод алга ташив/
Уяачид бидний байнга анхааралд байх ёстой нэг асуудал хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах ажил байна. Зохион байгуулалтай уралдаан дээр уралдаанч хүүхдүүд маань мориноос унаж гэмтэхгүй байгаа. Хаана хүүхэд гэмтэж, амь насаа алдаж байна гэхээр зохион байгуулалтгүй, хариуцах эзэнгүй ийм уралдаан дээр хүүхэд унах, цаашлаад амь насаа алдах аюул гараад байна. Тэгэхээр манай уяачид энэ тал хатуу анхаарч ийм уралдаанд уралдахгүй байх ёстой. Өнөөдөр хурдан морины уралдааныг баячуудын зэрлэг зугаа цэнгэл гэж нийгэм ойлгоход хүрээд байна. Уралдаанч хүүхдийг хамгаалахад нэн тэргүүнд та бүхэн хамгаалалтын хувцасыг өмсүүлж сурах хэрэгтэй байна. Хаврын уралдаанд зам хамгийн чухал шүү дээ. Уяачид та бүхэн уралдах замыг нь эхэлж үзээд ийм зам дээр уралдахгүй замаа янзал гэж уралдаан зохион байгуулагчдад шаардлага тавих эрхтэй шүү дээ гэж ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны талаар зөвлөгөөнд оролцогсдод мэдээлэл өгөв. Мөн энэ зөвлөгөөнд Хэнтий аймгийн хүүхдийн төлөө байгууллагын ажилтан оролцож хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрхзүй талаар мэдээлэл өгөв.
Ухна: би аймгийн алдарт уяач хүн. 50 гаруй жил хурдан морь уяж байна. Надад 2 санал байна.
1-рт манай аймгийн морь барианы газар, цэнгэлдэх хоёр хоорондоо хол байдаг. Хол учраас мориын уралдааныг тэр болгон хүн очиж үзэхгүй байна.ойртуулах ямар арга байна.
2-рт хурдан морийг эргүүлэхэд бүрээ татаж эргүүлэв ямар вэ. Дээр үед бол бүрээ татаж эргүүлдэг байсан. Одоо болохоор буугаар бууддаг шүү дээ. Бүрээн дуу бол сайн юмыг дууддаг гэдэг байлаа.
Ж.Оюунбаатар: Ухна гуайн асуултанд хариулья. Бид морь барианыхаа газрыг тохижуулна. Мөн морь эргүүлэх төхөөрөмжийг шинэчилж шаардлага хагасан төхөөрөмжтөй болохоор судалж байгаа.
Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит гуудамж, цэцэрлэг хүрээлэнтэй болохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа.Энэ цэцэрлэгт хүрээлэндээ өвгөн ноён Пүрэвжавын 8 хурдан хүлгийн хөшөөг босгоноо.
П.Сэргэлэн: Морь эргүүлэхэд буудах биш бүрээ татаж байя гэсэн саналыг ахмад уяач Ухна гуай тавьж байна. Бүрээ татаж, дун үлээж морь эргүүлдэг хуучин ийм уламжлал байжээ. Бид чинь ахуйгаасаа холдоод уламжлалаа мэдэхээ байгаад байгаа. Тэгэхээр хуучин ийм уламжлал байсан байна. Бүрээгээр морь эргүүлэх нь бололгүй яахав.
Мөнхнаран: 2 асуулт байна. Хураамж, бооцоот уралдааны талаар асууя. Уяачид бид бие биенээсээ хэд хэдэн төгрөг татаад тэр мөнгөө бай шагналд өгөөд уралдаанаа хийдэг. Энэ хураамж уу, эсвэл бооцоот уралдаан уу? Мөн хамгаалатын малгай гээд 5,10 мянган төгрөгөөр хөдөөд нэг каскан малгай зараад байна. Гэтэл нөгөө малгай нь хэмхэрч бяцарбал хүүхдийн толгой руу орчихоор эд байна лээ. Ер нь стандартын хувцасны талаар мэдээлэл өгнө үү.
Ц.Дуламсүрэн Тод манлай уяач: таны хэлж байгаа уралдаан бол татаас аваад уралдаанаа санхүүжүүлээд уралдаж байгаа тул татаастай, хураамжтай уралдаан гэх нь зөв байх.
Бооцоот уралдаан гэдэг бол хэн нэгний уясан моринд өөрөөр хэлбэл түрүүлнэ гэсэн моринд хоёр хүн хоорондоо бооцоо тавихыг хэлдэг. Тэгэхээр монголд бооцоот уралдаан болдоггүй. Хураамжтай уралдаан бол болдог.
П.Сэргэлэн: хамгаалалтын хувцасны чанар гэдэг бол чухал шүү. Таны хэлдэгээр 5, 10 төгрөгний үнэтэй каск бол уралдаанч хүүхдийг хамгаалахгүй ээ. Чоно борооноор гэдэг шиг хажуугаар нь мэдэхгүйг нь далимдуулаад хүмүүс бизнес хийчих гээд байгаа. Холбоо бол аль болохоор хямд үнэтэй, чанар стандарт хангасан хувцасыг оруулж ирэхийг шаардаж байгаа. Өнгөрсөн жил чанартай сайн малгай өвдөг тохойвчны хамгаалалтыг 40.000 төгрөгөөр борлуулж байсан. Тэр каскан малгай бол стандарт чанар хангасан малгай байсан.
Ж.Оюунбаатар засаг дарга: бид уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр их анхаарч байгаа. Мөн уяачдын холбоотойгоо хамтарч ажиллаж байгаа. Нэгдсэн нэг захиалга өгнө. Харин уяачид та бүхэн ирэхээр нь худалдаж аваарай. Бүгдээрээ уралдаанч хүүхдүүдээ сайн хамгаалах ёстой шүү.
Б.Хишигням: би ахмад хүн. Одоо 80 гаруй насыг насалж байна. Би таван настайгаасаа хурдны морь унасан. Миний аав Төгсийн Балжинням нь сайн уяач хүн байсан. Ардын Хувьсгалын 29,30,31 жилийн ойд уралдаад шарга азаргатайгаа улсын наадамд айрагдаж байсан. Одоо ч гэсэн морио унаад наадмаа үздэг. эрүүл байгаа маань багаасаа морь унасан ач. Морь унах бол эрүүл байгаагийн минь баталгаа гэж би боддог. Таяггүй ирж уяачдынхаа зөвлөгөөнд сууж байгаа даа баярлаж байна. Олон сайхан зүйл сонслоо. Намайг морь унаж байх үед уралдсан морьдын гуравны нэгийг барьдаг байсан. Уралдсан бүх морьдод үнэмлэх олгодог байсан. Айргийн морьдыг цоллохдоо бөөнд биш нэг нэгээр нь цоллодог байлаа. Өөрийн морио унаад түрүүлж айрагдсан хүүхдэд дээлийн торго, хүний морийг унаад түрүүлж, айрагдсан хүүхдэд дээлийн торго дээр нь 100 төгрөг нэмж өгдөг байсан сайхан заншилтай байлаа.
Өвлийн уралдаан болдоггүй байлаа. Хаврын эхэн сард уралдаан болдог байлаа. Тэр үед бээлийтэй морь унадаг хүүхэд байсангүй ээ. Нударгатай дээлтэй байсан. Тэр үед хүүхдүүд өлчир байжээ.
Дэлгэрхаан сум Намсрайжав: хэд хэдэн асуулт байна.
1-рт морь эргүүлэх төхөөрөмж хэрэгтэй юу гэж асуумаар байна. Учир нь төхөөрөмжийн ард томчуулын морьд урьд нь багачуулын морьд ард байдаг гэж сонссон. Төхөөрөмж ер нь маапаантай зүйл үү гэж асуумаар байна.
2-рт хаврын уралдааныг эрт хийх шаардлага байна уу. Бүүр цас хайлсан хойно хийвэл ямар байдаг вэ?
3-рт хужааг тэтгэсэн мотоциклийн уралдаан болоод байна. Сүүлдээ хужаа мотоцикль нь хэмхэрээд нохойны уяа болоод байна
4-рт уяачдын сангаа арвижуулаач. Уяачдаас боломжтойгоос нь адуу, боломж муутайгаас нь хонь хурга авбал өгнө шүү дээ.
П.Сэргэлэн: таны асуултанд хариулья. Төхөөрөмж хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Таны хэлдэгээр томчуулын морьд урьд нь багачуулын морьд ард нь гэсэн ийм ангилал байхгүй. Төхөөрөмжийн ард орсон морьдыг тэгээд ангилж байдаг боломж ч байдаггүй. Төхөөрөмжийг боловсронгуй болгохоор уяачдын холбоо ажиллаж байгаа. Төхөөрөмжийг дэлхийн олон орон хэрэглэдэг.
2-р дугаар асуултанд хариулья. Намайг холбооны ажил авахаас өмнө “Дүнжингарав” хаврын уралдааныг шинийн гурванд хийдэг байсан. Хэрвээ шинийн гурванд хийнэ гэвэл энэ жил 2-р сарын 13 нд “Дүнжингарав” уралдааныг хийхээр болж байна. Тэгвэл бид хойшлуулаад 3-р сарын 3 нд хийж байна. Энэ нь нөгөө л уралдаанч хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, жавар халирсан үед л хийх гээд байгаа юм. Гэтэл заримдаа цас хайлаад халтиргаа үүсдэг бэрхшээл байдаг.
Т.Батжаргал: Намсрайжав гуайн гаргасан хандивын талаарх саналыг хүлээж авч байна. Цаашдаа энэ ажлыг журмын дагуу бид зохион байгуулна гэж бодож байгаа.
Базарсүрэн: Хэнмэдэх Тод манлайгаас нэг зүйлийг асууя. Азарга гүүний тохироог яаж бүрдүүлэх вэ.
Ц.Хэнмэдэх: сайн гүүг арвай хэлбэртэй гэдэг шүү дээ. Ер нь азарга гүүний тохироог бүрдүүлэхдээ нэгэнд байхгүй гадаад шинжийг нөгөөд нь байгаагаар орлуулж өөрөөр хэлбэл илүү дутууг гүйцэлдүүлэх,орлуулах маягаар тавибал зүгээр болов уу?
Ухна:Зарим уяачид 6-р сар хүртэл азарган соёолонгоор уралдах юм. Зуны уяанд нь нөлөөлөх үү.
Б.Бат-Өлзий монгол улсын манлай уяач: Азарган соёолонгоо зун уралдана гэвэл хавар олон уралдах нь буруу. Зуны уяанд нь нөлөөлнө. Азарга соёолон нь чинь ороо орно. гүү хураана. Эргээд бярлуулахад хэцүү. Харин морин соёолон бол өөр. “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнд оролцсон уяачид маань төв холбооны бодлого, үйл ажиллагааны талаар олон зүйлийг сонсож мөн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлж, морь уяаны холбооны бодлого шийдвэрийн талаар олон асуултыг асууж лавласан билээ. Ялангуяа “Монгол хүүхэд нь монгол морио унаад уралддаг үндэсний морин уралдааны энэ хэвээр нь уламжлуулан авч явах та бидний гол зорилго гэж ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хэлсэн үгэнд уяачдын талархаж алга ташин хүлээн авна билээ. Хэнтий аймгийн уяачдын холбоо, хүүхдийн төлөө төвтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурж хамтран ажиллах анхны шангаа татсан. Зөвлөгөөнд оролцсон уяачид уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг ашиглахыг 100% дэмжиж, харин малгай хантааз нь хүүхдэд таарамжгүй, хулхи бараа байдгийг шүүмжилж , хүүхдийн байгууллага үүнд анхаарч ажиллахаар боллоо.
Геннисийн номонд бүртгүүлэх 3000 морины уралдаанд Хэнтий аймгийн уяачид бүрэн багаар оролцохоор болж, энэ ажлыг аймгийн уяачдын холбоо зохион байгуулахаар болов. Мөн “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөн дээр Баян-Адарга сумын харьяат Монгол улсын Алдарт уяач Гончигийн Содномыг төрийн дээд шагнал “ Алтан гадас” одонгоор шагнасныг аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав гардуулан өгч баяр хүргэв.
Мөн тус холбооны үйл ажиллагаанд олон жил идэвхи зүтгэл гарган ажиллаж ирсэн морины зүтгэлтнүүдэд, тухайлбал: тэргүүлэгч Цагаанзандан, Намсаманд, Өмнөдэлгэр сумын “Айргийн хүлэг” холбооны тэргүүн Эрдэнэбаатар, Батноров сумын “Норовын хүлэг” холбооны тэргүүн Тайванжаргал, Бор-Өндөр сумын “Боржгин-Ажнай“ холбооны дэд тэргүүн Гомбодорж нарыг ММСУХ-ны хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Энэ үеэр “Сэцэнханы хүлэг” холбооноос “шилдэг унаач “ хүүхдүүдийг шагнаж урамшуулсан юм.
Ийнхүү хурдны өлгий Хан Хэнтийн уяачид Монгол улсын Тод манлай, манлай уяач, Төв холбооны тэргүүлэгч гишүүд хурдан морины зүтгэлтнүүдээсээ их сонсож мэдэн нэгэн өдрийг чуулав. Зөвлөгөөнийг хааж тус аймгийн уяачдын холбооны тэргүүн Т.Батжаргал хэлэхдээ хэнтийн амйгийн уяач бид оюуны хөрөнгө оруулалтыг өөрсдөдөө оруулав гэсээр зөвлөгөөн өндөрлөв.