“Дүнжингаравын хурд-2010” Төв аймгийн төвд болно
Уяачид, морь сонирхогчдын хүсэн хүлээдэг төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингаравын хурд-2010” уралдаан Төв аймгийн төвд гуравдугаар сарын долооны ням гарагт болно.
Азарга, их нас, соёолон морьдын уралдаан болох бөгөөд уяачдынхаа цагийг хэмнэх зорилгоор Төв аймагт, Өлзийт хороололд, ММСУХ-ны төв байранд гурван зэрэг бүртгэж байна. Мөн уралдах морьдыг бүртгэж номер олгож байгаа юм.Бүтгэлийн хураамж 30.000 төгрөг. Хурдан морь унаач хүүхдийн даатгалыг ММСУХ уламжлал ёсоор 100 хувь хариуцна. Азарга мордохын өмнө уяачид, унаач хүүхдүүд, хурдан морьд, наадамчин олонд зориулж лам нар ном хурах юм.
Уралдааны үеэр ахмад болон хамгийн холоос ирсэн уяач, хурдан морины зүтгэлтнүүдэд ММСУХ хүндэтгэл үзүүлж, “Дүнжингаравын хурд-2010” уралдааны ивээн тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийн бүтээгдэхүүний дээжийг бэлэглэх юм. Уралдааны үеэр урлагийн тоглолт болж, дуучин хуурчид наадамчин олонд уран бүтээлийн дээжээ толилуулна.