Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

“ШАРГА АЗАРГАА УЛС ХУВЬСГАЛЫН 90 ЖИЛИЙН ОЙН НААДАМД УРАЛДУУЛНА”

2012-09-20 16:26:23 - Ярилцлага

-Уяач  бүхний хүсэл мөрөөдөл болсон “Их хурд” уралдаанд анх хэдэн онд очиж уралдаж байв?  Анх очихдоо ямар хүлэгтэй очиж байв даа?

-“Их хурд-2” уралдаанд очиж уралдсан. Хархорин, Орхоны буурал хөндийд 2001 онд болсон энэ уралдаанд халтар азаргатайгаа очиж байлаа. Монголын бүх хурд, бүх шилдэг уяачид нэгэн дор цуглаж, буян хурсан тэр газар оронд би шарга азарганыхаа эцэг халтар азаргатай очсон юм. Билэг дэмбэрэлийг бодож энэ азаргаа уралдуулж, халтар азарганыхаа “зодог тайлж” байв.

-“Их хурд-3” уралдаанд Та гайхалтай сайхан наадсан. Энэ уралдаанд таны уяж сойсон аугаа шарга азарга түрүүлсэн. Бас их насны морины уралдаанд таны сойсон Эрдэнэгэрэлийн халзан морь түрүүлсэн. “Их хурд” уралдаанд нэг дор хоёр түрүүг нь авсан уяач танаас өөр байхгүй юм билээ?

-Тэр жил би хоёр сайн азарга уясан юм. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Буяа гэж хүний азаргыг уяж зургаад оруулж байлаа. Шарга азарга, халзан морь магнайдаа тоосгүй ирсэн. Хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн, энэ уралдаан. Хачин их баярлаж байлаа.

-“Их хурд” уралдааны талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хамгийн зөв оновчтой, санал санаачилгаар гарсан сайхан уралдаан. Монголын бүх хурдан хүлэг нэгэн дор цуглаж, тэр олон хурд, тэр олон уяачдын буян заяа хуралдсан том газар, дэлхий. Тэр олон хийморь, тэр олон хүний сэтгэл санаа өөдөө дээшээ байхаар Монголын заяа ч гэсэн тийм хийморьтой байна гэж боддог. Монголын хурдан морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан наадам. Энэ сайхан уралдааныг санаачилсан, зохион байгуулсан бүх хүмүүст баярлаж явдгаа энэ ялдамд илэрхийлье.

- Уяач болгон өөрийн гэсэн арга барилтай байдаг. Та бол морьдоо уяж сойхдоо, ямар зарчим, арга барилыг голчлон баримталдаг вэ?

-Адуу тамиртай байвал лавхан ажил хийдэг. Уралдахынх нь урьд өдөр голцуу хөлс авдаг. Миний үндсэн зарчим бол тэр л ээ.

-“Их хурд-3” уралдаанд азарга их морь хоёр түрүүлгэхдээ мөн л хөлс авсан уу?

-Тэгсээн. Азарга, их морь хоёртоо мундаг хөлс авсан. “Мулт хөлс” гэж ярьдаг даа. Тэгж сайн хөлсөлсөн. Хоёулаа сайхан түрүүлээд ирсэн. Тэхдээ морь болгон өөр юм болохоор өөр өөр ажил хийнэ л дээ.

-Таны цуутай шарга азарга энэ жил улсын их баяр наадамд уралдсангүй, “Их хурд” уралдаанд ч уяж сойхгүй юм байна.  Энэ жил шарга азаргаа яагаад уясангүй вэ?

-Хойтон жил Улс хувьсгалын 90 жилийн өндөр их ойн баяр наадам болно. Түүхт энэ ойдоо уралдуулья, энэ жил уяж сойлгүй нэг сайхан амраая гэж бодоод бариагүй. Хойтон 90 жилийнхээ наадамд уралдуулна даа.

-Шарга азарга ямархуу уяатай вэ?  Өвөл гаднаа тэжээж барьдаг уу?

-Хатуу уяатай адуу шүү. Өвлөөс эхлээд унаж эдлэхгүй бол уяа нь орохгүй. Ногоотой ногоогүй байсан ч сөрж таргалаад байна. Ясны тамир тэнхээтэй адуу л даа. Тэжээгээд сүйд болдоггүй. Орооны нь үеэр  жоохон юм амсуулахад л сэрийгээд явчихна. Ганц хоёр сар тэжээх юм бол сөрөөд таргалчихна. Хийсэн ажилд ядардаггүй, Аргагүй л бурханы хүлэг дээ.

-“Эрдэнэчулуун уяач шарга азарга хоёрыг салгаж төсөөлөхийн аргагүй. Энэ хоёр үнэхээр хоёр биенээ ойлгож, хоорондоо бараг ярьдаг байх. Манай Эрдэнэчулуун адууны төлөө төрчихсөн хүн” гэж шарга азарганы эзэн Б.Наранхүү ярьж байхыг сонссон. Уяач хүнд эрдэм чадлаас гадна сэтгэл, хичээл зүтгэл гэдэг асар чухал юм байнаа даа?

-Моринд бие сэтгэлээ өгснийх, амьдралаа моринд зориулсных энэ өндөр амжилтыг үзүүллээ. Ар гэр, амьдрал ахуй,мөнгө цаас бүх зүйлээ хаяад моринд орж байлаа.   Би ч бас хөдөлмөр хийжээ гэж өөрөөрөө бахархах үе байдаг. Хөдөлмөрлөхгүйгээр ямар ч амжилт бүтээл, аз жаргал гэж байхгүй. Би энэ  туслахууд, залуустаа хэлдэг юм. “Битгий залхуур, Хөдөлмөр сайн хий. Өнөө ядрах яахав. Хэзээ нэг цагт сайхан үр дүнд хүрнэ” гэж.

-“Сайн морь эзэн хоёр биенээ эрж явдаг” гэдэг үг байдаг. Энэ бас их үнэн үг шиг байгаа юм?

-Хүний хөдөлмөр, ажил үйлс, сайхан сэтгэл, буян заяаг харж хурдан хүлэг төрдөг юм болов уу гэж боддог. Бэрхшээмээр, няцаж буцмаар хэцүү, хатуу үе ч олон таарч байсан даа. Гэхдээ л би буцаж няцаагүй. Тээр цаанаас ямар нэг оюун ухаан юмыг бас ялгаж салгадаг юм болов уу гэж боддог. “Энэ үнэхээр нэг хөдөлмөр хийсэн дээ хөөрхий...Үүнийг бас ч энэ зэрэгтэй явуулахгүй бол болохгүй”  гэж харж хандаад байх шиг байдаг.

-Уяа нь орохоор унтаад байдаг хүлэг байдаг. Улам бүр сэрвэлзээд, ааш авир нь дийлдэхгүй морь ч байдаг. Уяаны ажил эхлэхээр уяачийн хувьд та ямаршуухан зан ааштай болдог вэ?

-Яг уяаны ажил эхлэхээр сэтгэхүй нэг их сонин болчихдог юм. Хүн хартай ч яриа хөөрөө өрнүүлэхээс цэрвээд, хоол унд ч олигтой орохоо больчихно. Юу ч гэж хэлмээр юм, тийм нэг сонин болчихдог юм.

-Шарга азаргандаа олон гүү хураалгаж байна уу? Үр төл нь яаж давхиж байна, энэ талаар уншигчид бас сонирхож байгаа нь мэдээж.

-Шаргынхаа олон сайхан төлийг авч Монголдоо түгээх юмсан гэж бодож байна даа. Хурд тараахаас илүү буян гэж хаа байхав. Уяж сойгоод үр төлд нь бас төдий л анхаарч чаддаггүй байсан. Одоо үржлийн ажилд анхаарч, энэ ажилд орж байна. Төрсөн дүү маань ХААИС-ийг энэ чиглэлээр сая төгслөө. Эрчимтэйхэн орноо, одоо энэ салбарт.

-Анх морь уяж эхлэхдээ ямар ямар уяачдыг дагаж, уяачийн эрдэмд дөртэй, эвтэй болж байв даа?

-Монгол Улсын Манлай уяач Гарамжав гуай, Д.Онон, “дааган” Ганаа зэрэг нэгэн үеийн олон мундаг уяачдын хийж буй ажлыг харж, өөрийгөө хурцалж, ирлэж явлаа.

-Өнөө цагийн алдар цуутай олон уяачдаас өөрөө хэнийг илүүтэй биширч, сүслэн дээдэлдэг вэ?     

-Даваахүү ахыгаа би бурхан шиг шүтдэг. Би муу ахыгаа өрөвддөг юм. Ямар их хэл ам, зовлон жаргалыг үзэж явсан юм бэ гэж...Намайг хүүхэд байхад л улс тэгж ярьдаг байсан юмдаг. Даваахүү тэгж морь будлиулж гэнэ, ингэж булхай хийж гэнэ гэхчилэн. Тэр бүгд хоосон гүтгэлэг, атаа жөтөө, хэл ам л байсан юм билээ. Зууны манлай уяач маань ёстой л буян заяагаар тэр олон түрүү, айргийг Монгол төрийнхөө наадмаас авсан  байна. Тухайн хүний хүртэх буян, амны хишиг гэж айхтар юм байна шүү дээ.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: