Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

ИХ ХУРД УРАЛДААН МОНГОЛЫН УЯАЧДЫН БАХАРХАЛ ЮМ

2012-09-20 15:37:15 - Ярилцлага

Монголын морин спорт, уяачдын холбоог үндэслэн байгуулагчдын нэг, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” болон бүсийн уралдааныг санаачлагч, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 14 жил ажилласан, түүхийн ухааны доктор /Ph/, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнайд “ММСУХ-г анх хэн хэн хэзээ хэрхэн үүсгэн байгуулсан тухай,  “Их хурд” уралдаан хийх санаа хэзээ хэрхэн төрсөн талаар асуулт тавьж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. 

 -ММСУХ-г үүсгэн байгуулья гэдэг санаа анх яг хэнээс гарсан юм бол?  Үйл явдлын дунд явсан гол хүний хувьд та баримттай сайхан яриа дэлгэх байх?

-1990-ээд оны дунд үе болоход Монголын хурдан морины уралдаанд ямархан нэгэн шинэчлэлт өөрийн эрхгүй үгүйлэгдэж эхэлсэн л дээ. Шинэчлэлт өөрчлөлт нийгмийн амьдралын бүх салбарт нэвтрээд байхад үндэсний спортын салбарт  хуучинсаг, амиа аргацаасан байдал оршсоор байсан. Үндэсний үзэл бодол нь сэтгэл зүрхэнд нь нуугдаж байсан энэ салбарт элэгтэй ханддаг сэхээтнүүд энэ тухай ярилцан санал бодлоо солилцдог байлаа.

Ингэсээр Монголын Үндэсний Бөхийн холбоо байгуулагдав. Шагайн харвааны холбоо цоо шинээр бий болж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байв. “Үндэсний спортын нэгдсэн бодлого хэрэгтэй байна, МҮОХ-нд үндэсний спортын хөгжлийн асуудал эрхэлсэн бүтэц байх нь зүйтэй” гэх мэт яриа үүсч байлаа.

Ийм ерөнхий нөхцөл байдал дунд бие биенээ сүрхий танихгүй ч, сайн мэдэх Галын Баттөмөр над нэгэн сонин санал тавьсан юм. Тэрбээр “Хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг барьж явах Төрийн бус байгууллага байгуулья” гэж. Урьд нь Даваахүү над “Холбоо байгуулья” гэх маягийн үг хэлж байсан боловч тэр нь бодит агуулгагүй, зөвхөн салан тусгаарлах санаа төдий л байсан юм. Харин Г.Баттөмөрийн хэлсэн үг бол бодит санааг агуулж байсан. Тийм ч учраас түүнийг ММСУХ-г үүсгэн санаачлагч гэж би үздэг, олон түмэн ч зөвшөөрөн хүлээдэг.

-Энэ санаа яг хэзээ ажил хэрэг болов? ММСУХ-г тулгыг нь тулж, галыг нь ноцоосон тодорхой хүмүүс байж таарна?    

-Дээрх яриа өрнөснөөс хойш жилийн дараа Г.Баттөмөр, Д.Дваахүү, Г.Пунцагбалжир, Э.Ганбат бид хэд 1995 оны гуравдугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Малхын талд Монголын удамт уяачдын нэг Нэрьюүгийн Донойдоогийн Галын Шагдарын отрын гэрт ярилцан байж ММСУХ-г үүсгэн байгуулах талаар нэгдсэн ойлголтонд хүрсэн. Нөхөд маань над маш их итгэл найдвар тавьж байгаа нь шууд мэдрэгдэж байсан. Би тэнд Монголын хурдан морины уралдааны ирээдүйн хөгжлийн талаар олон жилийн турш бодож явсан санал, чиглэлүүдээ товч ярьж улс орны бүх бүс нутаг, баруун зүүн, хангай говийг адил тэгш хамруулсан бодлого явуулж болно гэсэн, тэд дэмжсэн. Тэгээд тэд намайг цэргийн тэтгэвэрт гарч, энэ ажлыг гардан хариуцахыг хүссэн, би зөвшөөрсөн.

-Танд яагаад бусдаас илүү итгэл хариуцлага хүлээлгэж, Монголын хурдан морины хөгжлийн бодлогыг тодохойлох гол ажлыг даалгах болсон юм бол?

-Аль эрт 1960-аад оны дунд үеэс энэ сэдвээр төвийн сонин хэвлэлд нийтлэл бичиж, радио телевизээр нэвтрүүлэг хийж,  ном товхимол бичиж, монголын олон нийтэд ялангуяа уяачдад ямар нэг хэмжээгээр танигдсан, энэ сэдвээр судалгааны ажил хийж байсан зэргийг нөхөд маань бодолцож, над найдаж байна гэж би ойлгосон.   

-Хамгийн эхлээд ямар ажлыг гардан зохион байгуулав? Олон түмний дэмжлэг хэр байв даа?

-Тэгээд зохион байгуулах хороо байгуулан их хурлын бэлтгэл ажилд шууд орж, тэр үед хашиж байсан албаныхаа нэр нөлөө, утас холбоог ашиглан бүх аймгууд руу ярьж, морь мал хөөцөлддөг, таниж мэдэх хүмүүстэй санал солилцож дэмжлэг авч байв. Аймаг бүрт морьтой холбоотой ажил хөөцөлдөж явдаг нэгээс хоёр хүн заавал байдаг. Одоо ч олон болсон л доо.

Хөдөөнийхөн  бидний саналыг маш их дэмжсэн. Ялангуяа зүүн аймгийнхан. Г.Баттөмөр, Д.Даваахүү нар Төв аймагт, Г.Пунцагбалжир, Э.Ганбат нар Хэнтий, Сүхбаатар аймагт явж бодлого, зорилгоо ярьж байлаа. Тэр үед байсан “Монгол адуу” нийгэмлэгийн бүтцийг ч ашигласан.

Ийм маягаар хөдөөгийнхнийг хөдөлгөсөн. Завханаас Д.Дагвадорж, Миеэдорж, Хөвсгөлөөс Л.Галсанпунцаг, Ховдоос Т.Цагаач, Говь-Алтайгаас Д.Пүрэвдорж, Өмнөговиос Д.Буянтогтох, Дорноговиос В.Дорж, Хэнтийгээс Н.Санжаадорж зэрэг дэмжигчдийг олж элсүүлсэн.

-Монголын нэртэй бөхчүүл тэр тусмаа аваргууд энэ ажилд их идэвхтэй оролцдог байсан тухай сонсож байсан юм байна?

-Хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж татан оруулж байлаа. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат дархан аваргууд их дэмжин оролцсоныг зориуд тэмдэглэе. 1990-ээд оноос хойш сайн дураараа морь байлаад явсан Н.Даш-Өлзийг дуудсан чинь бидэнтэй маш дуртай нийлэв. Ононмөр Хавангийн зээ хүү У.Буяндэлгэр гэж хүн бий, түүнийг олоод уулзаад, аваад ир гэж Даваахүүг явууллаа. Энэ мэтээр дэмжигчдийг олж цуглуулаад 1995 оны 5 дугаар сарын 25-нд Монголын уяачдын анхдугаар их хурлыг хийж, түүнд 19 аймгийн 200 орчим төлөөлөгч оролцсон юм.

Анхны их хуралд би өөрөө илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Эндээс ММСУХ-г байгуулах шийдвэр гаргаж, холбооны тэргүүнээр Г.Пунцагбалжирыг, дэд тэргүүнээр Д.Самданжамцыг, байнгын нарийн бичгийн даргаар намайг тус тус сонгосон юм. Зургадугаар сард Хууль Зүйн Яаманд бүртгүүлж, анх 15 тоот гэрчилгээ авч байлаа. Наадмын дараа МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөр орж тэдний гишүүн холбоо болсон.

-Алхам алхамаар ажил урагшлаад л байжээ дээ?

-ММСУХ иинхүү аажмаар хөл дээрээ босч ирлээ. Өнгөрсөн 15 жилийн турш ММСУХ-ны үйл ажиллагаа алхам алхмаар, шат шатаар өргөжин гүнзгийрч өнөөгийн өндөрлөгт хүрсэн юм. Үүнд үе үеийн тэргүүнүүд Г.Пунцагбалжир, У.Буяндэлгэр, Д.Бат-Эрдэнэ мөн тэргүүн дэд болон дэд тэргүүнүүд Г.Баттөмөр, Г.Батхүү, Т.Энхбат, Ц.Самданжамц зэрэг нөхөд, ММСУХ-ны үе үеийн тэргүүлэгчид, аймгуудын салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар, нийт уяачдын идэвхи зүтгэл, дэмжлэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Хурдан морины уралдааны хөгжлийн хөрөнгө, санхүүгийн үндсийг бүрдүүлж өгсөн С.Сэргэлэн, Д.Бат-Эрдэнэ, П.Мэндбаяр нарын олон арван бизнесч залуучуудын сэтгэл харамгүй дэмжлэгийг тэмдэглэх нь зүйтэй. Ялангуяа шинэ тутам холбоог анх хөл дээр нь босгоход анхны тэргүүн Г.Пунцагбалжир ын хичээл зүтгэл их үүрэг гүйцэтгэснийг зориуд онцлон тэмдэглэе.

-Ерөнхий нарийн бичгийн даргын алба ажил гэдэг өдөр тутмын ажил үйлсийг удирдан зангидаж нийтгэхээс гадна бодлого боловсруулдаг гол хүн.  Үнэхээр сэтгэлтэй хүн л ажиллаж, амжилт бүтээл гаргадаг л даа. 

-Ерөнхий нарийн бичгийн дарга нь ММСУХ-ны бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх гол үүргийг дүрмээр хүлээсний хувьд чухал нөлөөтэй алба юмаа.

Нэгэнтэй л албан ажлаа орхин, амьдралаа хүртэл өөрчлөн байж эхэлсэн энэ ажлыг тууштайхан хийх нь миний амьдралын утга учир болж байлаа. Тийм учраас хурдан морины уралдааныг зөвхөн хэлбэрийн төдий анхаардаг хуучин байдлыг өөрчилж, нийгэм олон түмний анхаарлын төвд гарч иртэл, төрийн бодлогын түвшинд хүртэл хөгжүүлэхийг зорьсон билээ.

Өнгөрсөн хугацаанд хурдан морины уралдаан ихэд өргөжин дэлгэрч, шинэ дээд зэрэглэлийн уралдаанууд бий болж хэвшлээ.  Хурдан морины уралдааны эрх зүйн орчин цоо шинээр бүрдлээ. Уяачдын хөдөлмөрийг үнэлэх бүхэл бүтэн тогтолцоо буй болоод уяачдын цоо шинэ үе түрэн гарч ирлээ.  Үндэсний спортын энэ төрлийг үнэлэн хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх бүх нийтийн сэтгэл зүй бүрэлдэн тогтсон байна.

-Эргээд бодоход Монголын хурдан морины “ертөнц” ямар өндөрлөгт хүрч вэ?

-Сая дурьдсан бүхний үр дагаварт монгол үндэстний өв соёлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг хурдан морины уралдаан эрийн гурван наадмын нөгөө хоёр төрлийнхөө хөгжлийн түвшинтэй зэрэгцэж, монголын өнөөгийн нийгмийн бусад үзэгдлүүдийн дотор өөрийн байр суурийг баттай эзэлж чадсан гэж хэлж болохоор болсоон. Энэ бол эхний шатны том зорилт байсан одоо нэгэнт бодит зүйл болжээ.

-Дараагийн шатны том зорилт гэж байж таарна. Таны бодлоор энд юу юу багтах вэ?

-Дараагийн шатны асар том зорилт бидний өмнө тулгарч байна. Түүнийг тойрч гарах аргагүй, түүнийг өдөр тутмын аар саар зүйлээр орлуулж болохгүй.

Энэ бол Монголчууд хурдан мориороо дэлхийн түвшинд уралдах, үүний тул Монголдоо шинэ хурдан үүлдрийн адуу буй болгох явдал юм гэж би үздэг дээ. Энэ ч их холын юм л даа... Гэхдээ бид зориглон хийх хэрэгтэй.

-Их хурд, бүсийн уралдаан хийх санаа анх хэзээ, хэрхэн төрсөн бол?

-Аливаа шинэ санаа хэн хүний толгойд гэнэт тэнгэрээс шивнэсэн мэт орж ирдэггүй. Тодорхой үйл явцын дунд удаан хугацаагаар байж, түүнийхээ мөн чанар, хөгжлийн хандлагыг ойлгосон хүнд бол уул үйл явцын хөгжлийн дараагийн алхам төсөөлөгдөх нь бий. Үүнийг л шинэ санаа төрлөө гэж хэлдэг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах логик зүй тогтол билээ. Ийм болохоор энэ санаа гэнэт нэг өдөр бус аажим аажмаар бүрэлдэн бий болсныг хэлэх нь зүйтэй.

-Та Улсын наадмыг анх хэдэн онд үзэж байв? Бодвол хурдны морь унадаг байсан байлгүй?

-Анх 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн их баяр наадмыг би долоон настай байхдаа үзэж унасан даага маань Улсын наадамд 90-д ороод, дараа нь Өнжүүлийн наадамд аман хүзүүдсэн юмсан.

Тэр цагаас хойш би Буянт-Ухаад 2002 оныг хүртэл Улсын наадмын хурдан морины уралдааныг 50 гаруй жил тасралтгүй үзжээ. Улс, армид 40 шахам жил алба хашихдаа улсын амралтанд нэг ч удаа явсангүй, жил бүр зургаан сарын сүүлчээр амралтаа аван уяан дээр очдог байв. Буянт-Ухаагийн наадамд голцуу л Төв аймгийн морьд түрүүлж, айрагдана. Хааяа нэг л Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймгийн нэр дуулдана. Ер нь тун ховордоо.

-Аймгийнхаа морьдыг түрүүлэхэд мэдээж баярлаж баясдаг л байсан байлгүй?

-Арваад, арван хэдхэн настай дунд сургуульд байхад сайхан л санагддаг байлаа. Дандаа манай аймгийн морьд түрүүлээд... Жаахан өсч өндийгөөд оюутан болоод ирэхэд “Монгол улс 18 аймагтай атал Улсын наадамд ганцхан аймгийн морьд л ноёлох юм, энэ ер нь улсын наадам мөн үү?” гэх сэтгэгдэл төрөх болсон. Намайг МУИС төгссөн тэр жил Улсын наадмын их насны морьдын уралдаанд манай Сэргэлэн сумын 5 морь дараагаараа ирж, ер нь 20 гартал бараг л манай болоод ердөө зэргэлдээ сумдын морьд байв. Үүний дээр манай сум наадам хийдэггүй, түүгээр ч үл барам манай аймаг ч наадам хийдэггүй байлаа. Улсын наадамд их насны 300 гаруй морь мордоход манай сумын уяачид 150-160-ыг нь эмээллэдэг байлаа.

-Тэр үеэс л улсын наадмын тухай цараатай бодож эхэлсэн үү?

-Тийм л юм даа. Тэгэхлээр Улсын наадмын хурдан морины уралдаан гэдэг чинь үнэн хэрэгтээ манай сумын л уралдаан юм байна, Монгол улсын хэмжээний морьд цуглаж уралддаггүй учраас уяачдад улсын цол хэргэм олгодоггүй юм байна гэдэг нь над аяндаа ойлгогдож байгаа юм.

Сэтгүүлчийн мэргэжил шинэхэн эзэмшсэн миний бичлэгийн нэгэн сэдэв хурдан морины уралдаан байлгүй яахав дээ. 1967 оноос эхлэн “Үнэн”, “Залуучуудын үнэн” зэрэг төвийн сонин хэвлэл, радио телевизэд нийтлэл гаргаж, нэвтрүүлэг хийж эхэлсэн. Тэр цагт энэ сэдвээр бичдэг сэтгүүлч бараг байсангүй. “Үнэн” сонины Г.Жамц гуай, Радиогийн Т.Бааваа бид гурав л байлаа.

Б.Жамд, М.Гүрсэд зэрэг нэрт сэтгүүлчидтэй бид санал солилцож, Монголын хамгийн хурдан морийг шалгаруулах арга зүйг эрэлхийлдэг байлаа. Морины хурдыг цагаар хэмжиж шалгаруулах аргыг хэрэглэж болох юм гэж байсан ч тэр маань ажил болоогүй, болсон ч бодитой юм биш байжээ.

Ийм санаа бодол ийнхүү их багаас минь миний сэтгэлийн гүнд оршсоор байсан юм.

-Хурдан морины тухай номоо та нэлээд эрт хэвлүүлсэн байх. Одоотой адил олон сонин, телевиз радио ч байсан биш. Номоор гол мэдээллээ түгээдэг, хүргэдэг байсан биз?

-Анхны ном маань 1970 онд хэвлэгдлээ. Ч.Хурц сайд 1976 онд Сүхбаатар аймгаас Шарга хязаалан үрээ ачиж ирж тэр нь улсын наадамд түрүүллээ. Эдгээр нь тэр цагтаа л хурдан морины уралдааны эргэн тойронд гарч буй дэвшлүүд байсан юм.

Иймэрхүү маягаар 70, 80-аад он өнгөрлөө. Гэтэл Ж.Батмөнх даргыг баруун аймгуудад, бас зүүн аймгуудад явж байхад нь хоёр ч удаа миний “Түмний эх” номыг дахин хэвлэж өгөхийг хөдөөгийн олон түмэн хүсчээ. 1989 онд ном маань хоёр дахиа хэвлэгдлээ. Энэ үед “Энэ бол миний орхиж болохгүй сэдэв юм байна” гэдэг итгэл над төрсөн билээ. Энэ итгэл найдвар дотор нөгөө “Монголын хамгийн хурдан морийг хэрхэн тодруулах вэ?” гэдэг санаа явж л байлаа.

-Тэрхүү санаагаа хэрхэн яаж лавшруулсан талаар дэлгэрэнгүй ярина уу? 

-Эхлээд бүсийн уралдаанууд хийж болох юм. Тэгэхгүй бол хонхороосоо гарч үзээгүй уяачид хол явж зориглохгүй. Бүсийн уралдааныг 4-5 аймгийн заагт хийвэл уяачид ирэх магадлал өндөр юм гэж бодогдсон. Газрын зураг дээр харлаа. Завханы Дөрвөлжин, Булганы Хишиг-Өндөр, Дундговийн Сайхан-Овоо, Сүхбаатарын Түмэнцогтод хийвэл боломжтой мэт. Тэгээд тэдгээрээс шалгарснаа нэг довон дээр цуглуулаад уралдвал болох мэт санагдаад байлаа. Дөрвөлжин сумын намын үүрийн дарга Цэрэндуламтай утсаар ярьж үзлээ. Тэр хүн их дуртай байна. “Монгол адуу” нийгэмлэгийн нэгэн хурал дээр энэ санаагаа ярьлаа. “Протоколд тэмдэглээрэй! Засгийн газарт асуудал оруулна!” л гэцгээв. Энэ бол 1991 оны эхээр болж байгаа хэрэг юм.

-Ерээд оны эхэн үе гэдэг бүхий л зүйл, хүний бодол санаа, оюун сэтгэлгээнд өөрчлөлт гарч, хаа сайгүй л оволзож байсан цаг байна даа?

-1990 оны улс төрийн үйл явдал эрч хүчээ авч 1991 он гэхэд нийгэм тэр чигээрээ өөрчлөгдөж эхлэв. Нийгмийн салбар, салаа мөчир бүхэнд шинэчлэл болж байв. Хувийн хэвшил үүсч, хүмүүс мөнгөжиж эхэллээ. Хурдан морины уралдааны хувьд ч шинэ “байгууллагууд” гарч ирэв. Харамсалтай нь тэдэнд далайцтай бодлого, бодитой үйл ажиллагаа байхгүй, зөвхөн “мөнгөжих хүсэл” л байжээ. Тэд ч тэгсгээд замхрав.

Яг ийм үед нөхөд маань над холбооны бодлогыг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг гардан зохион байгуулахыг хүссэн юм. Өөрөөр хэлбэл миний толгойд ийм “эзэн биегүй үл гүйцэлдэх санаа” эргэлдэж байх үед таних танихгүй хэсэг нөхөд “Уяачдын холбоо байгуулъяа” гэж, тэгэхлээр над “Нөгөө санаагаа гүйцэлдүүлэх бололцоо гарах юм биш үү?” гэх бодол төрөлгүй яахав дээ.

-“Их хурд” уралдаан хийх санаа энэ л урт замд төрж, ажил үйл болох эхлэл тавигдажээ дээ?

-“Их хурд”, бүсийн уралдаан хийх санааг зарим хүний төсөөлдөг шиг бурхан захын хэн нэг хүнд шивнэчихээгүй. Энэ санаа чухамхүү миний амьдралын олон жилийн хүсэл мөрөөдлөөс ийнхүү аажмаар, алхам алхмаар, бодит зүй тогтлын дагуу урган гарсан юмаа. Анхны их хурал дээр тавьсан илтгэлдээ энэ санааг тов тодорхой дурдахад хүмүүс үлгэр сонссон мэт л байцгаасан.

Сонин хэвлэл, радиогоор энэ тухай нилээн ярихад олон түмэн нэг их анзаарахгүй, анзаарсан нэгэн нь сайн итгэж өгөхгүй л байлаа. Хамтран зүтгэгч нар минь ч бас итгэл муухантай, жишээ нь Даваахүү хүртэл “Магнай ах та шал дэмий, бүтэхгүй зүйл ярих юм, арай зөнөөгүй биз дээ” гэж хүртэл байсан юм. Хуучин үед “Нам засгийн удирдагчид” гэдэг ойлголтод багтаж явсан нэгэн багш маань надтай таараад “Хүү минь чи  Завханд том наадам хийх гэж яриад байх юм. Хэн л Завхан руу морь хөтлөөд явж байхав дээ” гэж хүртэл байлаа. Анхны бүсийн уралдааныг хийхийн тул “Монгол адуу” нийгэмлэгийн дэд тэргүүн Дамдинсүрэнтэй хамт Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатад бараалхан танилцуулж дэмжлэг авав. Холбоо байгуулагдахаас өмнө 1995 оны 3-р сарын эхээр Дамдинсүрэн радиогийн Дамбын Шагдарсүрэн бид нар Завханд Сар хайрханы бүсийн уралдааны бэлтгэл ажлаар явж байв.

-“Сар хайрханы бүсийн уралдаан амжилттай болов уу? Тэндээс нэлээд урам зориг авсан биз?

-Наадмаас хойш Сар хайрханы бүсийн уралдаан өргөн сайхан болж УИХ-ын дарга өөрийн биеэр саатав. Ердөө хэдхэн хоногийн дараа Есөнзүйлд Өндөр гэгээний 360 жилийн ойн их том наадам болж тэнд төвийн бүсийн морьд уралдлаа. Хойтон хавар нь Хэнтийн Дэлгэрхаанд хаврын бүсийн том уралдаан хийв. 1997 оны зун Эрдэнэт, Говь-Алтайн Дэлгэр, Дундговь, Хэнтийн Галшарт бүсийн уралдаанууд амжилттай боллоо.

Хүмүүс нийтээр итгэж зориглож эхэллээ. Нөгөө намайг мохоож байсан хүмүүс чинь “Би тэгж хэлээгүй” гэцгээх болов.

-Энэ үед л “Их хурд”-ын тухай санаа оноо бодитой ажил болов уу. Энэ уралдааныг зохион байгуулахын тулд ямар ямар ажлыг өрнүүлэв дээ?

-Тэр үед холбооны тэргүүн болчихсон байсан У.Буяндэлгэр хандивлагчидтай уулзаж шагналын сан бүрдүүлэх ажлыг дагнав. Ер нь эхний хоёр Их хурдын шагналын санг чадамгай бүрдүүлсэн нь энэ хүнээс холбооны ажилд оруулсан гол хувь нэмэр мөнийг шударгаар тэмдэглэх хэрэгтэй. Мөн тэр хандивлагчдад ялангуяа С.Сэргэлэнд би чин сэтгэлээс талархаж явдгаа дахин илэрхийлье. Шигшмэл уралдааныг би “Түмний эх” гэж нэрлэх санаатай байсан боловч ивээн тэтгэгчийн саналыг харгалзан “Их хурд” гэж тогтсон юм.

Уралдах газар нь Хархорин байвал тун зохистой мэт. Морь уралдуулах гэж олон хүн очихгүй ч байж мэднэ. Эрдэнэ зууд мөргөх гэж эрхбиш хүн очих байлгүй дээ. Хандивын цайллага хийлээ, бараг таван сарын турш зар сурталчилгаа явууллаа, мандаттай бүх азарга, морьдыг “Ардын эрх” сонин, Монголын радиогоор зарлалаа.

Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Батмөнх сайхан сэтгэлээр туслаж, Хархорины сумын захиргааг тэр чигт нь хөдөлгөв. Хурандаа Сайнжаргал даргатай Замын цагдаагийн газрыг урьсанд маш уриалгахан оролцож туслалцав.

-Анх удаа Монголын бүх шилдэг уяачид шигмэл хурдан морьдыг нэгэн дор цуглуулж... Үнэхээр нүсэр ажлыг гардан зохион байгуулжээ. Хүн машин хоёр тоймгүй олон цугласан гэдэг?

-Монгол улсын 21 аймгаас уяачид морьд цугларлаа. Тэр үеийн нэгэн сонинд 10 орчим мянган машин, 50 орчим мянган хүн цугларав гэж бичсэн байсан.

Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхийлөгч Н.Багабанди нар өөрсдийн биеэр морилов. Хүндэт зочдыг хүлээн авах ба ажил хэрэг хөтлөх гэрүүдийг Өвөрхангайн цэргийн ангид даалгасан байв.

Яг уралдааныг зохион байгуулах нь нэг их хүнд ажил байсангүй. Хоёрхон насны цөөвтөр морьд гэхдээ хариуцлага асар өндөр. Тэр олон аймгаас, тэр хол хол газраас зорьж зүтгэж ирсэн уяачдын морьдыг будилуулж тун болохгүй, тэгээд ч анхны юм!

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулдаг их туршлагатай, мөн БХЯ-нд хамт олон жил ажилласан нөхөд маань энэ ажлыг хариуцсан юм. Генерал Ц.Дашзэгвэ, хурандаа Г.Галбадрах, Ц.Бааст, мөн Ц.Самданжамц, Г.Баттөмөр нар болон бусад нөхөддөө энэ ялдамд талархал илэрхийлье.

-Энэ бол Монголын хурдан морины түүхэнд цоо шинэ зүйл байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз. Зурхай дээрээс морьдоо хэрхэн яаж эргүүлж байв? Яг морьд эргэх эгшинд ямаршуу мэдрэмж үүсч байсан бол?

-Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн орлогч дарга, инженер И.Байгалийн зохион бүтээсэн гарааны төхөөрөмжийг хэрэглэсэн нь үр дүнтэй болсон. Яг азарга эргэх торгон агшинд зүрх дэлсээд ганц хундага виски татав.

Ер нь түм түжигнэж, бум бужигнасан ийм лут юм болох байх ч гэж урьдаас төсөөлж л байсан л даа.

Бурхны авралаар уралдаан ямар ч будлиан самуунгүй, морь хүүхэд мэнд сайхан уралдлаа. Орой нь Хархорины эмнэлгээр ороход тэнд гэмтсэн бэртсэн хүүхэд байхгүй байсан.

Энэ бол Монголын хурдан морины уралдааны бүхий л үеийн түүхэнд цоо шинэ зүйл байлаа. Энэ бол Монголын хурдан морины уралдааны хөгжлийн шинэ үе шат байлаа.

-Уралдаан амжилттай болоод дараа нь ажил төрлөө дүгнэж хэлэлцсэн биз? Энэ уралдааныг зохион байгуулагчид мэдээж сэтгэл хангалуун байсан биз?

-Тэгэлгүй яахав. Найз нөхөд олон хүн над баяр хүргэж байв. Уяач Б.Содномцог морь дагах зөвшөөрөл авахдаа “Таны олон жил санаж явсан  ажил бүтэж байна” гэж гар барьж байв. “Их хурд- I” уралдааны дүнг хэлэлцээд бяцхан цай уухад манай Н.Даш-Өлзий: “Анх сонсоход сэтгэлд үнэхээр багтахгүй байсан, бид мөн ч зүрхтэй хөдөлж шинэ зүйл хийлээ, Баярмагнайд баяр хүргэе” гэж байлаа.

У.Буяндэлгэр тэргүүн маань “Энэ бол таны оюуны бүтээл гарцаагүй мөн. Зохиогчийн эрхийг заавал авах хэрэгтэй” гэж өөрөө гарын үсэг зурсан тамгатай бичиг оюуны өмчийн газарт илгээж, би Их Хурд уралдаан зохион байгуулах аргачлалаа нарийвчлан бичсэн материал бүрдүүлээд зохиогчийн эрхийн гэрчилгээг хууль ёсоор авсан юм.

Энэ уралдаан бол Монголын нийт уяачдын дэмжлэгээр, ММСУХ-ны хүчин зүтгэлээр, төр засгийн төв орон нутгийн байгууллагын туслалцаатайгаар бүтсэн, монголчууд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хийсэн ажил юм шүү.

Жич нэг санааг энд дурдъяа. Өнөөдрийн улсын наадмын хурдан морины уралдаан нь үнэн хэрэгтээ Улаанбаатарын  уралдаан л болоод байна. Мөдхөн Их хурдыг улсын наадмаар хийдэг болж, улсын наадамд 21 аймгийн шалгарсан хурдан морьд уралддаг болно доо!

Таван удаагийн Их хурд уралдааныг зохион байгуулах ажилд гар биеэрээ, сэтгэл санаагаараа, хөрөнгө чинээгээрээ дэмжин оролцсон бүх уяачид, зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдэд халуун талархал дэвшүүлье!



Сэтгэгдэлүүд
Нийт 1

cahkchekqm
2018-06-27 08:47:43
CoeUu2 <a href="http://qsvvdqodmyiu.com/" ;>qsvvdqodmyiu</a>, [url=http://jnilgrgkzapc.com/]jnilgrgkza pc[/url], [link=http://hfdbqqwkvwdx.com/]hfdbqqwkv wdx[/link], http://xuqbwtszqbbo.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: