Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

Монгол Улсын Начин, Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй хаврын “Дүнжингарав-2010” уралдааны талаар ярилцлаа.

2012-09-20 14:56:01 - Ярилцлага

-Дүнжингарав наадмын зохион байгуулалтын талаар таны сэтгэгдэл?

-Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос  зохион байгуулдаг хаврын том уралдаан нь энэ “Дүнжингарав” юм. Аа харин 3 жил тутамд морины олимп “их хурд” уралдааныг  зохион байгуулдаг. Уяачдын холбооны удирдлага шинэчлэгдэн зохион байгууллагдсан цагаасаа эхлэн хаврын “Дүнжингарав” уралдааны зохион байгуулалт болон бусад зүйл дээр ихээхэн санаачлага гарган ажиллаж байгаа. Үр дүн нь ч уяач бидэнд хүрч байгаа. Энэ жил улам  илүү боловсронгүй болгох талаас нь их анхаарал тавьсан. Үүний нэг  илрэл нь бол “Дүнжингарав-2010” уралдаан өмнө уяачдын холбооны удирдлагууд  уяачдыг урьж уулзсан. Уралдааны тухай уяачид та бүхний санал бодлыг сонсьё гэсэн. Ингээд галуудын тэргүүн болон уяачдын төлөөллүүд цугласан. Урьд өмнө ингэж байгаагүй. Энэ бол шинэлэг санаа байсан.

Та бүхэн цуглаад юун дээр санаа оноогоо төвлөрүүлж ярив?

-Уяачид өөрсдөө санаа гаргаж ерөөсөө машинаар морь  дагахыг цэгцлье гэсэн юм. Үзэгчид морины уралдаан биш машины уралдаан болдог боллоо. Уяачид морь их дагаж байна  гэж их шүүмжилдэг. Гэвч хэрэг дээрээ уяачид морь дагах нь багассан шүү дээ. Морь дагадаг хүмүүс хэн бэ гэхлээр үнэн хэрэг дээрээ морь уядаггүй сонирхогч голдуу байдаг. Төхөрөмжтөй болсноос хойш морь будилахаа байсан. Одоо төхөөрөмжийн ард морь бүгд орж байна уу орохгүй байна уу гэдэг дээр хяналт тавих энэ үүднээс уяачдын  төлөөлөл болгож төлбөртөйгөөр явуулаад үзье гэсэн шийдийг гаргасан. Үүнийг холбооны удирдлага хүлээн авсан.

-Морь дагах гэсэн хүсэлтэй хүн олон байдаг л даа. Аль ч наадам дээр нэг машинд суугаад дагаад явчихыг уяачид боддог юм шиг байна лээ?

-Энэ нь хэд хэдэн талтай л даа. Уралдааны явц барианы газарт байгаа хүмүүст харагдаж үзэгдэхгүй  учраас дагах сонирхол байгаа байх. Ерөөсөө комисст орж морь дагахыг урьтал болгодог сонирхолтой хүмүүс ч бас байдаг байх. Нөгөө талаас морио яаж уралдаж байгааг харж, зааж хэлэх гэсэн улс байгаа байх. Манай морины уралдаан үзэгчгүй уралдаан байдаг.  Ард түмэн уралдаан үзэж чадахгүй байгаа. Морины уралдааныг үзэгчтэй болгох зайлшгүй  шаардлага өнөө цагт бий болжээ.

Морь дагахыг төлбөртөй болгосноор энэ асуудал шийдэгдэх үү?

Энэ байдал дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Эмх замбаараагүй машинаар морь дагахыг болиулахын тулд нэг дүгээрт уралдааыг үзэгчтэй болгох ингэхийн тулд уралдааны замыг хагас тойргийн болгох. Замаа шийдэхийн тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй болох нь мэдээж. Энэ хооронд морь дагахыг багасгахын тулд төлбөртөй болгох. Төлбөртөй болгоно гэдэг машинаар морь дагахыг болиулах багасгах гэсэн санаа юм шүү дээ, нөгөө талаас уралдааны шагналын санг бүрдүүлэхийн тулд моринд элэгтэй хүмүүсээс хандив цуглуулдаг. Үүнд жийрэг болгоход хэрэг болно. Ер нь дуртай болгон танил тал харж дагахаа болино гэсэн үг. Уяач ч бай, Их хурлын гишүүн ч бай цагдаагийн ажилтан ч бай дагах юм бол сая төгрөгөө төлж дагъя. Дагахдаа тодорхой заасан замаар дагах. Энэ зам нь уралдаж байгаа мориноосоо 60-70 метрийн зайтай байя гэсэн санал гарсан. Үүнийгээ ч хэрэгжүүлж чадсан. Цаашид энэ журмаа улам боловсронгүй болгоод цэглээд авбал зөв зүйтэй шийдэл гэдэг нь сая харагдлаа. Уралдааныг зөвхөн зохион байгуллах комиссын хүмүүс дагаж харин комиссын машинд уяач суухгүй байхыг хатуу чанд журамлах ёстой.

-Тохирсон юм тохирсноороо явжээ. Гэтэл учиргүй олон машин явлаа гэсэн шүүмж бас гарсан.

-Уралдаан болсны дараа харахад их олон машин дагасан байна лээ. Үнэндээ сая төгрөгөө төлөхгүй,  шудрага бус хандаад байна л даа. Замын цагдаагийн зарим хүмүүсийн  буруу үйл ажиллагаатай холбоотой. Цагдаагийн байгууллага хамгаалалт хийнэ гэж ММСУХ-той гэрээ хийдэг.Тэгэхээр цагдаа нар ажлаа хийгээд гэрээний дагуу  хөлсөө авч байгаа байх гэж бодож байна. Морины уралдаан зохион байгуулж байгаа комиссын хүмүүсийг цагдаагийнхан шалгаад байдаг мөртлөө дарга цэрэгт  болохоор үзэмжээрээ ханддаг. Үүнийг  болих хэрэгтэй. Цагдаагийн дарга ч,  УИХ-ын гишүүн ч дагах л дуртай  юм бол сая төгрөгөө төлөөд л дагах ёстой . Уяачдын холбооноос гаргасан журмыг цагдаа, хяналтын байгууллага зөв ойлгож зөв шийдэх юм бол яваа яваандаа уралдаан зохион байгуулж уяачдын холбоонд ч, хяналт  хамгаалалт хийж байгаа тухайн байгууллагад их зөв гарц болно

-ММСУХ рейтингийн зөвлөл байгуулсан, уяач, унаач хүүхэд, бас  азарга, их нас хоёроо анх удаа чансааллаа.

 Рейтингийн зөвлөлийг байгуулсан нь уяачдын дунд шударга зүйлийг  бий болгож байгаа хэрэг. Нууцлагдмал байсан юмыг ил болголоо гэсэн үг. Хуучин бол цол хэргэм олгох, Аймаг сумын алдарт болоогүй хүн цол хэргэм хүртдэг, шудрага бус, үзэмжээрээ шийддэг  тал байсан.  Одоо бол бүх юм баримттай болоод ирлээ. Ер манай уяачид хэний  ямар морь хаана яаж уралдсаныг  нэгд нэгэнгүй мэдэж байдаг. Гэтэл уясан морьдын амжилт нь  алдар цолонд хүрэх болзол хангаагүй байхад алдар цолонд хүрдэг,  шилдгийн зиндаанд оруулдаг байсан. Нэг үе  шилдгээ тодруулж чаддаггүй хэд хэдэн хүнийг  шилдэг гэдэг байсан. Рейтэнгийн зөвлөл байгуулагдснаар уяачдын холбооноос  хийж байгаа маш шинэлэг сайн зүйл гэж би үзэж байгаа. Нэгэнт  рейтингийн  зөвлөлтэй болсон учраас улс, бүс уралдааны амжилтыг нь хараад ямар уяачийн ямар морь хэдэн айраг түрүүтэй байна гэдэг нь харагдана. Түүнийг баллын системээр дүгнээд хэн шилдэг гэдэг гараад ирнэ.Энэ их  шудрага сайхан зүйл болсон.

-Унаач хүүхдийн даатгалын асуудлыг шийдсэн. Үүний ач холбогдлыг манай уяачид хэр мэдэж мэдэрдэг юм болоо?

-Унаач хүүхдийн даатгалын асуудлыг Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 100 %  хариуцан бүтэн жилийн даатгал хийж байгаа. Урьд нь даатгалын мөнгө төлчихөөд дараагийн нэг уралдаанд оролцоход даатгалгүй гэдгээр маргаан их гардаг байсан. Уяачдын холбоо бидэнд бүтэн жилийн даатгал хийчихээд  “За таны хүүхэд зөвхөн уралдааны замд биш өөр бусад үед морины ажил хийж яваад бэртэж гэмтэх юм бол бүтэн  жилийн даатгалтай шүү” гэдэг болсон. Хэрвээ уяачдын холбооны энэ зарчмаар  морь унаач хүүхдүүдээ даатгах юм бол ахуй амьдрал дээр ч гэсэн  хэрэгтэй.

-ММСУХ санаачлаад, дүрэм журам гаргаад унаач хүүхдүүдэд спортын цол зэрэг олгож эхэлж байна. Үүний ач холбогдлыг хэлнэ үү?

-Хурдан морь унаач хүүхэд бол үеийн хүүхдүүдээсээ хамгийн түрүүнд амьдралыг мэдэрч, юмны хурдыг тодорхойлж,  оюун ухаан нь бусдаасаа түрүүлж хөгждөг гэж боддог. Дэлхийн спортын төрлүүд бүгд цол зэрэгтэй байгаа. Үүнтэй адилхан Монголын хүүхдүүд өөрсдийн байгалиас заяасан авхаалж сэргэлэн байдал,  уламжлалаа  дагасан эрдмээс суралцаад мастер цол авч байна гэдэг бол насан туршдаа  их спортыг ойлгох мөн чанартай болж байгаа юм. Спорт өөрөө хүнийг хүмүүжүүлдэг. Одоо яахав морины эзэд, уяачид хүүхдүүддээ цалин өгч л байна л даа. Түүнээс илүүтэй тэр  хүүхдийн хөдөлмөрт нь тохирсон үнэлгээ, үнэ цэн юм.  Монгол наадам өөрөө хувь хүний хэрэг биш, моринд дуртай хэдхэн улсын хэрэг ч биш, бас уяачдын холбооны ч хэрэг биш Монгол төрийн, Монгол Улсын өөрийнх нь хэрэг учраас энд оролцож байгаа олон хүмүүст болоод  уяачдад цол хэргэм өгөөд байна шүү дээ. Тэрэнтэй адилхан унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлсэн, унаач хүүхдүүдийг ирээдүйд спортод дуртай болгох,  морь малтай зөв харьцах, уяач болох их замд нь сэтгэлийн их дэм өгсөн зөв зүйтэй алхам болсон гэж бодож байна.

-Хурдан морь унаач хүүхдүүдийн номерт  сүүлийн үед  хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байна л даа. Хүүхдийн номер харагддагүй улмаас морь буруу тайлбарладаг энэ тэр гэж? Морь тайлбарлалт, хурдан морины уралдааны  талаар юу гэж боддог вэ?

-Морь тайлбарлалт их олон талтай л даа. Нэгдүгээрт тайлбарлагч нар  өөрсдөө юун дээр алдаад байгаагаа ойлгомоор байгаа юм. . Шууд тайлбарлалтан дээр алдаж болно. Шууд бус тайлбарлалтан дээр ерөөсөө мэдэмхийрээд тайлбарлаад байгаа юм харагддаг. Уяачдын холбоо хэвлэл мэдээлэлийн албатай боллоо. Тэгэхлээр   морь тайлбарлагчийн сургалт явуулмаар санагдаад байгаа юм. Дэлхийн их спортын хөгжилтэй холбогдуулаад номерыг өөрчилж болно. Гэхдээ Монгол ахуйд нь тохируулж хийх хэрэгтэй. Олон улсын жишгээр бол морины бөөрөн дээр номер нь тодоос тод харагдаж байдаг. Дээрээс нь энэ олон телевиз машинаар дагах ёстой юм уу? эсвэл   өртөөлчилсөн маягаар олон камер байрлуулж дамжуулах уу? үүнийг шийдэх ёстой. Нөгөө олон машин дагадаг гэдэг дотор чинь телевизийн хоёр гурван машин байдаг. Тэгээд үзүүлж байгаа юм болохоор яг ижил байдаг. Эхний ээлжинд  ерөөсөөө мэргэжлийн морь тайлбарлагчийг бэлтгэх.  Телевизүүд буруу морь тайлбарлавал яах вэ хариуцлагын системийг бий болгох. Одоо бол  улаан цайм Доржийн  морь яваад байхад чинь  Батын морь яваад байна гэж тайлбарладаг болчихоод байна шүү дээ.

“Дүнжингарав-2010” уралдаанд уралдах морьдоос 30 мянган төгрөгийн хураамж авсан. Зарим уяачид их хураамж авлаа гээд хэл ам татлаад байдаг. Та уяач хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ бол зөв. Би үүнийг дэмждэг. 30 мянган  төгрөгний хураамж төлөөд хэрвээ морь нь түрүүлбэл 5 сая төгрөг авна шүү дээ. Үүнийг ойлгохгүй байгаа хүмүүс бол морь уях мөн чанараа ойлгоогүй л хүмүүс байна даа.  Харин зарим уралдаан хураамж авчихаад түүнээсээ бага бай шагнал өгдөг энэ бол буруу.  Дүнжингарав уралдааны хураамжийн 30 мянган төгрөгөнд олон зүйл  багтаж байна шүү дээ. Тэртээ тэргүй бид номер авч л уралдана. Хоёрт бид хүүхдээ даатгуулж таараа. Тэгвэл хүүхдийн даатгалыг бүтэн жилээр нь хийж өгч байна. Номерын мөнгө орж байна. Ямар нэгэн хураамжгүй, төлбөргүй  юм гэдэг  морь будилсан хавтгайрсан юм болдог шүү дээ.  Энэ жилийн Дүнжингаравын нэг  зөв зүйтэй зүйл морь тавиач хүүхдүүдэд тусад нь номер хийж, морь тавих эрхийг нь өгсөн. Нэгэнт тустаа номертой морь тавиач хөтлөөд явж байгаа хүүхдийг харахад ойлгомжтой. Аль галын, эсвэл хэний хаанахын  хүүхэд үймүүлээд  байгааг түвэггүй харж болно.  Хуучин бол бид бүгд адилхан номер авч өгөөд л сүүлий нь боож өгөөд аль нь унаач юм, аль нь тавиач гэдгийг мэдэх аргагүй байсан.Морь будилах шалтгааны хэсэг нь энд байсан. Морь цаашаа явахдаа хөөрдөг, янз бүр болдог. Тэгвэл морь тавиач бол энэ бүгдийг зохицуулж зурхайд хүргэдэг.

-Манай уяачид морь бүртгүүлэх, морь мордуулах цагаа  барихгүй байна. Энэ бол уяач, наадамчид, уралдаж байгаа морьд аль алинд нь хор уршигтай биз?

-Би бол ганцхан юм яариад байдаг. Морь мордох цаг нарыг  нарийн шийднэ шүү гэж. Арав гучаас  11-ийн хооронд морь мордоно шүү гэсэн  бол 11 гээд  л хааж цагаан барих ёстой.  Морь бүртгэлийг тухайлбал их насны морь мордохоос өмнө хоёр цагийн  өмнө дууссан байна шүү гэж зарласан байх ёстой. “Дүнжингарав-2010” уралдаан дээр  ММСУХ журам болгоод морь бүртгэж байгаа бүх уяачдад хэвлээд тараасан байсан. Зөв зүйтэй. Урд өдөр нь бүртгэл дуусна гэвэл бас хэцүү.  Орон нутгаас хүмүүс ирж амьжаагүй байдаг. Эхний ээлжинд миний хэлэх гээд байгаа зүйл бол азарга өглөө есөн цагаас мордоно гэсэн бол өглөө долоон цагт бүртгэл дууссан байдаг.Тэгээд л тэр журмаа бариад сурчих хэрэгтэй. Цагаасаа хоцорсон л бол хасах хэрэгтэй. Ямар цолтой уяач байна, ямар албан тушаалтай уяач байна, хэн ч байсан  хасах л хэрэгтэй. Нэг морь хоцорсоны төлөө цаана нь өчнөөн морь хүлээж бүхэл бүтэн наадамд  хүндрэл учруулж болохгүй шүү дээ. Монгол морины уралдаан гэдэг бол нэг хүний хэрэг биш, төрийн хэрэг шүү дээ.

 



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: