Холбоо барих

Хаяг: Монгол улс. Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг
25-р хороо, Эрэл/3
Утас: 976-70161618
Факс: 976-70161618
Имайл: mmsukh@morinerdene.mn, gensec@morinerdene.mn

МУТМУ Ц.Дуламсүрэн: Бид морио сайн уяж, үзэгчдэд сонирхолтой уралдааныг үзүүлж байх ёстой

2014-03-11 12:33:01 - Ярилцлага


МУТМУ Ц.Дуламсүрэн: Монгол үндэсний их соёл болсон төрийн наадамыг уяач бид нар нэгэн зүйлээр бүрдүүлж байгаа билээ. Тэгэхлээр бид хурдан морио сайн уяж, сонирхолтой уралдааныг үзүүлж байх ёстой. Энэ утгаараа морио сайн уях нь зүйтэй юмаа. Тиймээс морийг эхэлж уяахийн тулд яах ёстой юм бэ гэдэг талаар түүний зөвлөгөөг уншигч та бүхэн анхааран уншина уу...

Хамгийн түрүүнд морины хөндүүрийн авах ёстой.
Өнгөрсөн жилүүдэд наадам цөөхөн болж байсан, морины уяа дуусаад тавьдаг тэгээд дараа жил нь барьж уядаг, ингээд 1, 2 сарын уяатай, эдэлгээтэй уяагдаж байсан. Харин өнөөгийн үед өвөл харьцангуй уралдахгүй, намар зун хаврын улиралд байнга уралдаж байна. Морины уралдаан бол олон байх ёстой гэж би хувьдаа үздэг. Уралдаан олон байж бэлтгэл сайн байна. Би 20-оод жилийн өмнө Төв аймгийн Баянцагаан сумын нэрт уяач Тожил хэмээх өвгөнтэй уулзаж морины уяа заслын талаар ярьж байхад “зун уралдуулах морины хорыг нь гаргаагүй, усыг нь гадагшлуулаагүй, мөн 30 эмээллээгүй морийг ханасан уяагаар уяж том наадамд уралдуулна гэж байдаггүй” гэж сонсож байсан. Энэ талаар та бүхэндээ дэлгэрүүлье. Бид нар морио уралдуулна гэхээр намар уралдаж тавичаад гүйцэд тамир суугаад ирэнгүүт нь анхны цас орсон буюу газар товууцсан байх үед адуун дээрээ очоод уях морио барьж аваад адуу тал тойроод тавина. Маргааш нь өнжөөд адууг бүтэн тойрох буюу хамарын цагаан хөөс гаргана. Ингэснээр өөхийг зөв хайлуулж хар маханд нь шингээнэ гэсэн үг. Ингэж бага багаар унж эдэлгээнд оруулах нь зүйтэй юм.

Жишээ нь хүн дээр авж үзэхэд ажил хийхгүй байж байгаад гэнэт хүнд ажил хийвэл бие нь булраад маргааш нь бүх бие нь хөндүүр авдаг. Үүнтэй адил морь ч гэсэн адил байдаг. Ийм учраас бага багаар ажил хийвэл моринд зовиургүй байдаг. Ингэж бага багаар эмээллэнэ гэдэг нь биений илүүдэл усыг хөлсөөр нь гадагшлуулж байгаа юм. Морь уралдахдаа махан тарга бүрэн авж өөхөн таргыг дуусгасан бах ёстой. Ингэж эдлээд 12 сар гарахад тэжээл өгөх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл өнөө үед хуучин шиг өвс ургамал сайн ургахаа байсан цаг. Дор хаяж уях морь 45 хоног тэжээл идэж, бага багаар ажил хийж зогсоосон байх ёстой. Тэжээлэнд улаан буудай, хивэг, объёос гэх мэт зүйл байдаг. Адуунд зориулагдсан тэжээлийн чанартай нь объёос юм. Үүнийг орой нь дэвтээгээд өглөө нь өгнө. Өгөх үедээ 2-3 кг ийг 500 гр хэвэгтэй хольж өгвөл зүгээр. Зарим сайн уяач нар хэвэг огт өгдөггүй тохиолдол ч байдаг. Жишээлбэл монгол улсын Тод манлай уяач Эрдэнэчулуун бол хивэг огт өгдөггүй.

 Тэжээлийг хэрхэн яаж өгөх ёстой юм бэ?
Уралдааны моринд тохирсон тэжээл нь объёос гэж түрүүнд хэлсэн. Үүнийг дэвтээж өгөх ёстой. Зарим залуу уяачид юмуу морь уяж эхэлж байгаа хүмүүс тэжээлийг их л өгвөл сайн гэж өрөөсгөл бодож явдаг. Тийм учраас тогтсон цаг хугацаанд өгөх хэрэгтэй. Нөгөө талаар тэжээлийг уралдааны өглөө өгж болохгүй. Үүнийг анхаарах хэрэгтэй. Мөн зарим уяачид уралдааны өглөө морийг услах нь зөв үү? гэж асуудаг. Ер нь бол эрт дээр үед уралдааны морийг өмнөх өдөр нь усалж тавиад, уралдааны өглөө усалдаггүй байсан. Одоо бол ихэнх уяачид услаад байна. Миний хувьд уралдаан хоол хоёрын цагийг тохируулах хэрэгтэй гэж боддог. Морийг уралдахаас өмнө 5-7 цагийн өмнө хоолыг нь зогсоосон байх ёстой. Мөн тэжээл өгч болохгүй. Тэжээлтэй холбогдуулаад хэлэхэд морь 6-7 цагийн хооронд идсэн хоолоо боловсруулж шингээдэг. Иймээс морь уралдахаас 6-7 цагийн өмнө хоолийг нь идүүлнэ гэсэн үг юм л даа. Хамгийн гол нь зуны ногоо ургасан цагт моринд тэжээл өгч болох уу гэж ихэнх уяачид асуудаг. Бид зун болсон хойно моринд тэжээл өгөөд л байгаа. Сунгаа хийсэн, хөлс авсан, давхил хийсэн үед тэжээл өгдөг. Энэ нь гарсан энергийг нь нөхөх гээд байгаа юм л даа. Үүнээс мориныхоо хүчинд тааруулж тэжээлийг нь өгөх хэрэгтэй. Мөн өдөрт хэдэн кг тэжээл өгөх эсэхийг уяач хүн морио ажиглаж байгаад л өөрөө мориндоо тааруулж өгөх ёстой.

Моринд 3 биений хөндүүрийг гаргах нь маш чухал юм.
Энэ нь биений, гэдэсний, тавагны гэсэн 3 зүйлийн хөндүүр байдаг. Биений хөндүүрийг гаргахын тулд дээр дурьдсан шиг бага багаар 30 эмээллэж хөндүүрийг нь авах нь зүйтэй. Мөн гэдэсний хөндүүрийг анхны цас орсон үед буюу цасаар ундаалж эхэлсэн үед хоолийг нь солих хэрэгтэй. Тэгэх юм бол гэдэсний хөндүүргүй болдог. Тавагний хөндүүр гэдэг нь уяан дээр бага багаар зогсоож хөндүүрийг нь авна. Эдгээр 3 хөндүүрийг зөв авсан тохиолдолд морь уяахад дөхөм болж байгаа юм.

Уяадаг адууны харшааг яаж тайлах вэ?
Монголчууд дээр үеэс моринд харшаа яаж суудаг байсан бэ гэвэл хавар буруу эдэлсэнээс л сууж байгаа юм. Морийг ширүүн унаж, давтаж эдлэх юм бол моринд зүдэргээ сууж, буруу эдэлгээ болох нарны хор гэх мэт янз бүрийн юм тогтдог. Харшаа гэдэг бол хавар олж авдаг зүйл л дээ. Уяж байгаа морийг хавар салхинд хамаагүй уяж болохгүй. Дээр үеийн уяачид хавар унадаггүй, өвөл хорыг нь гаргаад тавьчихсан, хавар савсадна гэж салхины өөд харуулж уяаад хаварын салхиар онгойлгодог байсан байна. Ингэж хавар эдэлж унахдаа харшаа суулгаж байна. Харшааг тэр үеийн уяачид яаж гаргадаг байсан юм бэ гэвэл үхрийн борц буюу шар тосоор зуурсан арвайн гурилаар утаж гаргадаг. Ер нь утлагыг уяа моринд хийж байх ёстой зүйл юм. Харшаа суугаагүй ч гэсэн олон уралдаж байгаа үед гэдэсний хий суудаг, тэр хийг утлагаар алга болгодог сайн талтай. Тэгэхээр үхэрийн богино хавиргыг 3 жил болсны дараа түүнийгээ нүдээд морио утдаг байсан байна. Бас өнжмөл сайхан борцны шаргал өөхийг шар тостой арвайн гурилтай зуураад утаж байх нь зүйтэй юм. Харшаа тайлахад хамгийн сайн арга бол дээр дурьдсан зүйлс юм. Үнэхээр морио харшаатай байна гэж үзэх юм бол зунгагтай ноосоор нэмнэж аваад хөлслөх зүгээр байдаг. Хонины шавхаан дээр өдөр уях нь харшаанд зүгээр.

Тавагны хөнрдүүрийг яаж авах вэ?
Тавагны хөндүүр гэдэг маань олон удаа уралдуулаад ирэхлээр, хөлдүү хатуу газар давхиулаад ирэхлээр тавгандаа цус хурсан байна гэсэн үг. Тавагны хөндүүрийг тавгийг нь хатгаж авдаг. Ар талын цөнхийг нь хатгана гэсэн үг. Тавагны хөндүүр авдаг магнай тойрсон судас байдаг. Үүнийг Монгол улсын манлай уяач Батчулуун гуай сайн хийдэг. Ер нь уяачид маань уяж байгаа мориныхоо гахайг нь үзэж байх ёстой. Гахай нь сунасан байвал давхил их хийх нь буруу. Тэгэхлээр гахайг нь өөлөөд гахайнд нь хонины сүүл тавиж хайруулаар хайрж хамгаалах хэрэгтэй. Уяачид маань мориндоо ажил хийхдээ газарыг нь сайн харж зөөлхөн газар давхиулах нь зүгээр.

Өвлийн моринд ямар туулгыг ямар хэмжээтэй өгдөг вэ?
Аптекуудаар хэд хэдэн морины зурагтай туулга байна л даа. Миний хувьд бол ивомектэй нунтаг цагаан туулга өгдөг. Ер нь морийг хавар намар туулгаж байх ёстой. Харин өвөл бол туулгаж ажил хийх нь сайн биш. Морио хуурай /ажил хийхгүй уяж хонж байгаад/ өглөө туулгыг нь өгж байх ёстой. Тэгээд өдөр нь жаахан унж шогшиж байгаад орой нь буцаагаад өвсөнд нь тавьчих хэрэгтэй. Яагаад морио хуурай уяж хонж байна вэ гэвэл гэдсийг нь цэвэрлэх гэж байгаа юм чинь өмнө нь идсэн зүйл гарсаны дараа үлдэгдэл юмийг нь гаргахын тулд өгдөг.

Өвлийн уралдааны цаг ирж байгаатай холбогдуулаад анхаарвал зохих зөвөлгөө гөөч...
Хаврын тэргүүн сарын шинийн гурванд уралдах морины бэлтгэлийг өвөл нь хийдэг. Өвөл цагт морины зоог нь хөргөчих гээд байдаг. Энэ нь морь хөлөрсөн үед сайн хамгаалаагүйгээс болж царцанга болж байна гэсэн үг л дээ /хүнээр бол даарчлаа л гэсэн үг/. Өвөл хаврын улиралд ихэнх уяачид зүчээндээ морио уяж байна. Миний бодлоор моринд ажил хийсний дараа шууд нэмнэх нь зөв гэж боддоггүй. Уур нь гадагшаа гадагшлах ёстой гэж боддог. Тэрний дараа уяа тойрж хөдлөгчөөд зогсоохдоо морио нэмнэчиж байвал зүгээр. Учир нь морь хөдөлж байхад халууцсан хэвээрээ байдаг, харин хөдөлгөөнгүй зогсчихлоор даарах гээд байдаг. Энэ үед зоог нь даархаас хамгаалж нэмнэдэг. Буцаагаад орой өвсөндөө тавихдаа нэмнээг нь авна. Адуу өөрөө зүчээндээ өвсөө идэж байхдаа чөлөөтэй байх ёстой. Ингэж морийг хатааж тавих ёстой. Зарим хүмүүс өвлийн морийг сайн нэмнэж ажил хийх ёстой гэж бодоод байдаг. Харин миний хувьд өвлийн моринд задгайдуу ажил хийж, ажлыг нь арай богинохон хийдэг. Өвөл бол бяртай, хөлийн хурдыг нь гаргах зүйлийг баримталж явдаг. Тэгээд хамгийн анхаарах зүйл бол мориныхоо хүчийг тааруулах, өдөр тутамын ажилыг нь тааруулах хэрэгтэй.

Эрлийз сунгаанаас эхлээд их сунгаа хүртэл 4-н сунгаа байдаг.
Бага, дунд, их сунгааны өмнө тэжээлийг нь мориныхоо хүчинд тааруулаад өгч болно. Морь таргалаад хөдлөхгүй болчихдог. Энэ үед мориныхоо тэжээлийг нь хасаад хөлсийг нь авч болно. Сунгааны өмнө дор хаяж 12 цагийн өмнө тэжээлийг нь өгөх хэрэгтэй. Тэжээл өөрөө боловсрох нь арай удаан учираас яг давхиулах үед тэжээл нь боловсорч дууссан байх ёстой гэж үзээд байгаа юм. Тийм үед морийг давхиулахад яах ч үгүй.

Хөдөө хол байгаа уяачид сунгаанд ирж чаддаггүй. Энэ хүмүүс яах вэ?
-Мориныхоо хийх ажилыг уяач хүн өөрөө мэдэж байх ёстой. Хаврын уралдаанд их морь 18-20 км, азарга, соёолон 13-15 км-н хооронд гээд тогтсон жишиг байна. Сунгааны хувьд хаврын бага сунгаанд 6-7 км байхад болно, дунд сунгаанд 11-12 км, их сунгаанд дунд сунгаанаасаа бага татуу хийвэл зүгээр, 7-9 км байх жишээтэй. Залуу уяачид бага сунгаан дээр морийг шахаж давхиулаад байгаа харагддаг. Хурдны морь өөрөө яаж давхихаа мэддэг учираас тааваар нь уралдуулах хэрэгтэй. Харин дунд сунгаанд сайн шахаж цуцаах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Харин амьсгааны хувьд
Нэгэн нэртэй уяачаас нэг уяач “миний морь амьсгаадаад байх юм аа” гэж асуухад амьд мал юм чинь амисгаадалгүй яахав дээ гэжээ. Гэхдээ буруу амьсгаа, зөв амьсгаа гэж байна л даа. Ажил хийсний дараа ойролцоогоор 3-5 минутын дараа амьсгаа нь хэвийн болох ёстой. Жишээ нь хамт уралдсан морьдоосоо удаан амьсгаа нь дарагдах буюу ойр ойрхон амьсгалж байвал буруу байна гэж бодож болно. Өвөл газар товуудсан үед мориныхоо хөлийг сайн анхаарах хэрэгтэй. Мөн зүчээн дотор мориныхоо зогсоол хэсгийг цэвэрлэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөлдчих тохиолдол байдаг.

Дууяа манлай морийг уяж эхлэхэд анхаарвал зохих дээрх зөвлөгөөг өгсөн бол азарга, гүүний тохирооны талаар ийнхүү өгүүлжээ.
Азарга, гүүний зохицолгоо гэдэгт эх эцэг хоёрынх нь хийц өөр байх юм бол төл нь сайн гардаг гэж ярьдаг. Жишээлбэл: Азарганы нь толгой хатангирдуу, магнай нь тэнэгэр, чих урт, хамрын нүх уужим том, зовхи зузаан, сормуус урт, цээж өргөн, мундаа сэрвээ өндөр, хавирганы матаас сайн, нуруу шулуун, зоогоороо бага зэрэг бөгтрөгтэй, ташаа нь өргөн, үс шигүүн бөгөөд олон эргүүлэгтэй, туурай хомбон хурц ирмэгтэй, шилбэ бүдүүн, гэдэс хэвлий нь тавиун байх нь зүгээр. Ийм азарганд тавих гүү нь биеийн байдал ханхар, хөл нь алцгар, ташаа нь агуу, сэрвээ өндөр, бүх бие бөөрөнхий, дөрвөн хөл нь тэгш, туурай нь зузаан мөлгөр, өвчүүний судас бүдүүн, гэдэс том агаад их, доод уруул нь том, урт буйлтай байвал зүгээр. Ийм азарга, гүү хоёрын дундаас эр унага гарвал сайн морь болно гэхчнлэн морины шинжийн судруудад өгүүлсэн байдаг.