Монголын Морин Спорт Уяачдын Холбоо уриалга гаргав.
Монгол орны ихэнх нутагт цас зуд нүүрлэж, зарим аймагт гамшгийн байдалтай байгаа энэ цаг үед Монголын Морин Спорт Уяачдын Холбооны гишүүд, нийт уяачиддаа болон хурдан морь сонирхогч та бүхэндээ хандан уриалга гаргаж байна.
Малын бэлчээр, өвс тэжээл хомсдож, боодол өвс, шуудай тэжээл нэн чухал байгаа энэ үед уяач та бүхнийг халуун сэтгэлээсээ өглөгийн гараа сунгахыг уриалж байна.
Морь уядаггүй малчин хүн гэж үгүй. Адуун сүрэг бэлчдэггүй газар нутаг гэж үгүй билээ. Иймийн учир Хурдан морины босоо цагаан хиймориор Монгол наадмын тэнгэрийг цэлмүүлж, түмэн олноо цэнгүүлэн баярлуулдаг мянга мянган уяачдыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Морин Спорт Уяачдын Холбоо ХААН банкны Барс тооцооны төвд 5015158330 дугаарын дансыг нээж өвөлжилтын байдал хүндэрч, зудад нэрвэгдсэн малчин түмэндээ халуун сэтгэлээсээ тус дэмээ үзүүлэхийг нийт гишүүд, уяачид, салбар холбоод хамтран ажилладаг байгууллага хүмүүс, морь сонирхогчид, ард түмэндээ уриалж байна.
Хурдан морины босоо цагаан хийморь та бүхнийг үргэлж ивээж, Монгол түмний заяа буян үргэлж өөдөө байх болтугай
Хандивын данс № 5015158330
Монголын Морин Спорт Уяачдын Холбоо
2010.01.17