“ММСУХ-ны оны шилдэг” шагнал олгох журам

2009 оны 09/06 дугаар тогтоолын хавсралт

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

Энэхүү журмыг “Монголын морин спорт уяачдын холбооны оны шилдэг” шагналыг олгоход дагаж мөрдөнө.

Хоёрдугаар зүйл. Шалгаруулах төрлүүд /номинаци/

  1. Оны шилдгүүдийг дараах төрлүүдээр тодруулна.
    1. Оны шилдэг уяач
    2. Оны шилдэг залуу уяач
    3. Оны шилдэг унаач хүүхэд
    4. Оны шилдэг ивээн тэтгэгч
    5. Оны шилдэг салбар холбоо
    6. Оны шилдэг гал гэсэн үзүүлэлтээр тодруулна.

  2. Төрлүүдийг тэргүүлэгчдийн хурлаас нэмж, хасч болно.

Гуравдугаар зүйл. Шагнал олгох журам

“Оны шилдэг” шагналд нэр дэвшигчийн талаархи тодорхойлолтыг холбооны тэргүүлэгч гишүүд, салбар холбоодын дарга нараас холбооны ерөнхий нарийн бичгийн даргад хандаж гаргана.

  1. “Оны шилдэг уяач”-аар Үндэсний их баяр-наадам, Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр ММСУХ-ны зохион байгуулдаг бүсийн уралдаануудад, мөн шигшмэл хурдан морьдын уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн этгээдийг тухайн жилийн оны шилдэг уяач-аар шалгаруулна.
  2. “Оны шилдэг залуу уяач”-аар дээрх уралдаануудад хамгийн өндөр амжилт үзүүлсэн улсын алдар цолгүй залуу уяачийг шалгаруулна.
  3. “Оны шилдэг унаач хүүхэд”-ээр дээрх уралдаануудад хамгийн өндөр амжилт үзүүлсэн хүүхдийг шалгаруулна.
  4. “Оны шилдэг ивээн тэтгэгч”-ээр мөн дээрх уралдаанд болон ММСУХ-нд хамгийн өндөр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгууллага, хувь хүнийг шалгаруулна.
  5. “Оны шилдэг холбоо”-оор ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллан, тухайн жилдээ ажлын хамгийн өндөр амжилт үзүүлсэн салбар холбоог шалгаруулна.
  6. “Оны шилдэг гал”-аар Үндэсний их баяр-наадам, Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр ММСУХ-ны зохион байгуулдаг бүсийн уралдаанууд, мөн шигшмэл хурдан морьдын уралдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн галыг тухайн жилийн оны шилдэг гал-аар шалгаруулна.
  7. Ерөнхий нарийн бичгийн дарга нь шагналд нэр дэвшигчийн тодорхойлолт, амжилт нотлох баримтыг судлан, тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ.
  8. Шагналын шударга, тэгш байдлыг тэргүүлэгчдийн өмнө ерөнхий нарийн бичгийн дарга хариуцана.

Дөрөвдүгээр зүйл. Шагналын хэмжээ

“Оны шилдэг” шагналд зарцуулах хөрөнгийн хэмжээг тэргүүлэгчдийн хурлаас тогтооно.

Тавдугаар зүйл. Хугацаа

  1. Оны шилдэгүүдийн тодорхойлолтыг тухайн жилийн 11 сарын 30-ны дотор ирүүлсэн байна.
  2. Оны шилдэгүүдийн шагналыг жил бүрийн Цагаан сарын баяраар гардуулна.