Үндэсний их баяр наадмын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 06 дугаар

Улаанбаатар хот

сарын 19-ний өдөр

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам

2.1. Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн.

2.2. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх өдрийг хуулиар тогтооно.

2.3. Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ийн баяр наадмаас бүрдэнэ.

2.4. Улсын баяр наадмыг Засгийн газар, аймаг, сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тус тус тэмдэглэнэ.

2.5. Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ой болон нийслэлийн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.

2.6. Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тус тус тогтоож болно.

Хоёрдугаар бүлэг: Төрийн ёслолын арга хэмжээ

3 дугаар зүйл. Баяр наадмын нээлт

3.1. Монгол Улсын Төрийн тугийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу улсын баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.

3.2. Улсын баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээнэ.

4 дүгээр зүйл. Баяр наадмын хаалт

4.1. Улсын баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.

4.2. Монгол Улсын Төрийн тугийг тогтоосон журмын дагуу Төрийн ордонд буцаан зална.

5 дугаар зүйл. Төрийн ёслолын бусад арга хэмжээ

5.1. Улсын баяр наадмын өмнөх өдөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэлийн концерт тоглох бөгөөд төр, засгийн удирдлага, улс төрийн нам болон иргэдийн төлөөлөгчид байлцана.

5.2. Тэгш ой тохиосон бол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган, баярын хурал, ёслолын буудлага тус тус хийнэ.

5.3. Улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дайллага хийнэ.

Гуравдугаар бүлэг: Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа

6 дугаар зүйл. Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг

6.1. Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг, сумын Засаг дарга тус тус олгоно.

6.2. Хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол олгохгүй.

6.3. Цолны чимгийг баяр наадмыг зохион байгуулах хороо олгоно.

7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан

7.1. Улсын баяр наадамд 5 давсан бөхөд улсын начин, 6 давсан бөхөд улсын харцага, 7 давсан бөхөд улсын заан, 8 давсан бөхөд улсын гарьд, 9 ба түүнээс дээш давсан бөхөд улсын арслан, улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга, улсын аварга цолтон түрүүлбэл улсын далай аварга, улсын далай аварга цолтон түрүүлбэл улсын даян аварга, улсын даян аварга цолтон түрүүлбэл улсын дархан аварга цол олгоно.

7.1.1. Тав давсан бөхөд улсын начин.

7.1.2. Зургаа давсан бөхөд улсын харцага.

7.1.3. Долоон давсан бөхөд улсын заан.

7.1.4. Найм давсан бөхөд улсын гарьд.

7.1.5. Ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан.

7.1.6. Улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга.

7.1.7. Улсын аварга түрүүлсэн бол улсын далай аварга.

7.1.8. Улсын далай аварга түрүүлсэн бол улсын даян аварга.

7.1.9. Улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга.

7.2. Аймгийн баяр наадамд 5 давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.

7.3. Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулах цэргийн наадмаар уламжлалыг харгалзан аймгийн баяр наадмынхтай ижил нөхцлөөр цэргийн начин, цэргийн заан, цэргийн арслан цолыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож болно.

7.4. Сумын баяр наадамд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.

7.5. Үндэсний бөхийн барилдааны гурвын даваанаас эхлэн бөхчүүд цолны болон амжилтын эрэмбээр ам авах бөгөөд амжилтын эрэмбээр ам авах нь аварга цолтонд хамаарахгүй. Дөрвийн даваанд бөхчүүдийг цолны эрэмбээр тулгаж барилдуулна.

7.6. Энэ хуулийн 7.5-д заасан наадамд 128 бөх барилдсан тохиолдолд тав давсан бөхөд сумын начин, зургаа давсан бөхөд сумын харцага, долоо давсан бөхөд сумын заан цол олгоно.

7.7. Зэвсэгт хүчин, бусал цэргийн хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулагдаж буй цэргийн наадмаар уламжлалыг харгалзан аймгийн баяр наадмынхтай ижил нөхцлөөр цэргийн начин, цэргийн харцага, цэргийн заан, цэргийн арслан цолыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгож болно.

7.8. Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтынх нь эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана.

7.9. Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.

7.10. Энэ хуулийн 7.2, 7.4, 7.6-д заасан барилдааныг тэгш ойн Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулж болно.

/Дээрх 7 дугаар зүйлийг 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8 дугаар зүйл. Хурдан морины уралдаан

8.1. Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.

8.2. Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна.

8.3. Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол  олгоно.

8.4. Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд хурдан морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.

8.5. Сумын баяр наадмын хурдан морины уралдаанд хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.

/Энэ хэсэгт 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.6. Улс, аймаг, сумын цол олгох уяачийн хурдан морьдын 50 ба түүнээс дээш хувь нь азарга, их насны ангилалд түрүүлсэн, айрагдсан байна.

8.7. Уяачид улс, аймаг, сумын цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно.

8.8. Энэ хуулийн 8.3-8.6-д заасны дагуу уяачийн амжилтыг тооцож цол олгохдоо тухайн уралдааныг зохион байгуулж буй Хурдан морины салбар хороо /комисс/ -д уяачаар бүртгүүлсэн иргэний амжилтад тооцон уг цолыг олгох бөгөөд түрүүлсэн, айрагдсан нэг морины нэг удаагийн амжилт нь зөвхөн энэ зүйлд заасан нэг уяачид цол олгох үндэслэл болно.

8.9. Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд 6-10 дугаар байр эзэлсэн бүх насны хурдан морийг баяр наадмын хурдан морины салбар хороо орон даяар нийтэд зарлана.

/Дээрх 8.7, 8.8, 8.9 дэх хэсгийг 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Үндэсний сурын харваа

9.1. Үндэсний сурын харвааг цуваа харваагаар явуулна.

9.2. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын хошой мэргэн, улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл улсын гоц мэргэн, улсын гоц мэргэн цолтон түрүүлбэл улсын гарамгай мэргэн, улсын гарамгай мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгоно.

9.3. Аймаг, сумын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид аймаг, сумын мэргэн цол олгоно.

10 дугаар зүйл. Баяр наадамд оролцож буй бөх, уяач, харваачийн эрх, үүрэг

10.1. Баяр наадамд оролцож буй бөх, уяач, харваач нь наадамчин олон, баяр наадмаа хүндэтгэн, төрийн ёслол, зан уламжлалыг чанд сахина.

10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдэх бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна.

/Энэ хэсгийг 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.3. Баяр наадамд оролцож буй бөх дараах эрх эдэлнэ.

10.3.1. Улс, аймаг, сумын цол авах.

10.3.2. Баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар гомдол гаргах.

10.3.3. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан бусад эрх.

10.4. Баяр наадамд оролцож буй бөх үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлж, цээрийг сахих үүрэг хүлээнэ.

10.5. Баяр наадамд оролцож буй уяач дараах эрх эдэлнэ.

10.5.1. Улс, аймаг, сумын цол авах.

10.5.2. Баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар гомдол гаргах.

10.5.3. Хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад эрх.

10.6. Баяр наадамд оролцож буй уяач дараах үүрэг хүлээнэ.

10.6.1. Хурдан морийг насны өөр ангилалд уралдуулахгүй байх.

10.6.2. Хурдан морийг дагахгүй, зориуд хөөхгүй байх.

10.6.3. Шүүгчийн шаардлагыг биелүүлэх.

10.6.4. Хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх.

10.6.5. Хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх.

10.7. Баяр наадамд оролцож буй харваач дараах эрх эдэлнэ.

10.7.1. Улс, аймаг, сумын цол авах.

10.7.2. Баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар гомдол гаргах.

10.7.3. Үндэсний сурын харвааны дүрэмд заасан бусад эрх.

10.8. Баяр наадамд оролцож буй харваач дараах үүрэг хүлээнэ.

10.8.1. Шүүгчийн шаардлагыг биелүүлэх.

10.8.2. Үндэсний сурын харвааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх.

10.9 Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээнд орохгүй бол сэргээш хэрэглэсэнд тооцно.

Дөрөвдүгээр бүлэг: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах

11 дүгээр зүйл. Баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

11.1.1. Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харвааны дүрмийг тухайн үндэсний спортын холбооны саналыг харгалзан батлах

11.1.2. Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн ёслолын арга хэмжээний журмыг батлах

11.1.3. Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах

11.1.4. Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих

11.1.5. Бөх, уяач, харваач, хурдан морины уралдаанд оролцсон хүүхдэд олгох бай, шагналын хэмжээг тогтоох

12 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, түүний бүрэн эрх

12.1. Баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /цаашид “зохион байгуулах хороо” гэнэ/, аймаг, сумын хороо хариуцна.

12.2. Зохион байгуулах хороо нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэж, салбар хороотой байна.

12.3. Зохион байгуулах хорооны дарга нь Засгийн газрын аль нэг гишүүн, дэд дарга нь Нийслэлийн Засаг дарга байна. Зохион байгуулах хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

12.4. Зохион байгуулах хороо нь баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

12.4.1. Улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх

12.4.2. Өсвөр үеийнхний бөхийн барилдаан, үндэсний сурын харвааг зохион байгуулах, өсвөр үеийн бөх, харваач, хурдан морины уралдаанд оролцсон хүүхэд үндэсний спортын холбооны саналыг үндэслэн цол олгох

12.4.3. Улсын баяр наадмын үеэр урлагийн тоглолт, спорт, биеийн тамирын тэмцээн, ардын уламжлалт тоглоом наадгай, нийтийн цэнгүүн зохион байгуулах

12.4.4. Бөх, уяач, харваачид бай, шагнал олгох

12.4.5. Бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах /Энэ заалтыг 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.4.6. Улсын баяр наадмын төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн мэдүүлэх

12.4.7. Салбар хороо байгууулах, түүний бүрэлдэхүүнийг батлах

12.4.8. Аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нийтлэг журмыг баталж мөрдүүлэх

13 дугаар зүйл. Баяр наадмыг зохион байгуулах талаарх аймаг, сумын Засаг даргын бүрэн эрх

13.1 Баяр наадмыг зохион байгуулах талаар аймаг, сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

13.1.1. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий аймаг, сумын хорооны бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан мөрдөх.

13.1.2. Баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр аймаг, сумын цол олгох, хүчингүй болгох.

13.1.3. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан зарцуулах.

Тавдугаар бүлэг: Бусад зүйл

14 дүгээр зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

14.1. Энэ хуульд заасан үүргийн зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

14.1.1. Тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах.

14.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх

14.2. Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 14.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.

14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна./Энэ хэсгийг 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

15.1. Сумын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл аймгийн хороонд, аймгийн болон салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд гомдол гаргана.

15.2. Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

16 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

16.1. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үндэсний спортын төрлөөр олгосон улс, аймаг, сумын цол хүчин төгөлдөр байна.

16.2. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                         С.ТӨМӨР-ОЧИР

/Энэ хуулинд 2004 оны 5 дугаар сарын 13-ны, 2007 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлт тусгагдсан/