Монголын Xурдан Морины Уралдааны Дүрэм

Нэг. Хурдан морины уралдааны зохион байгуулалт, зэрэглэл

А. Уралдааны зохион байгуулалт

1.1. Хурдан морины уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбооны /цаашид ММСУХ гэх/ төв, орон нутгийн алив нэгэн байгууллагын зөвшөөрөл, оролцоотойгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүс зохион байгуулж болно.

1.2. Уралдаан зохион байгуулагч нь уралдааны товыг сарын өмнөөс тогтоон зарлаж, уралдааныг хариуцан зохион байгуулах комиссыг байгуулна.

1.3. Комисс нь уралдааны зэрэглэлээс хамаарч дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, ерөнхий шүүгч, нас бүрийн даамлаас бүрдэнэ. Комисс нь хүн, малын эмч, хэв журам сахиулагч болон шаардлагатай бусад хүмүүсээс бүрдсэн ажлын албатай байна.

1.4. Уралдааны комисс нь энэ дүрмийн хүрээнд тухайн уралдааныг зохион байгуулах зааврыг боловсруулан мөрдөнө.

1.5. Уралдааны комисс нь хурдан морины уралдааныг дүрмийн дагуу зохион байгуулах бүх нөхцөл бололцоог хангана.

1.6. Комисс нь хурдан морины уралдаанд оролцсон морьдын тоо, барианд орсон морьдын эзний болон уяачдын нэр хаяг, морины нас, зүс, угшлийн талаарх товч мэдээлэл, олгосон бай шагнал, уралдааны явцад гарсан зөрчил, санал хүсэлтийг тусгасан тайланг ММСУХ-нд 30 хоногийн дотор ирүүлнэ.

1.7. Тухайн уралдаанаас үүсч болох элдэв маргаан, хохирлыг уралдаан зохион байгуулагч хариуцан барагдуулна.

1.8. “Үндэсний их баяр наадмын тухай” Монгол улсын хуулийн 8.3.-д заасан болзол хангасан уяачдын материалыг тухайн жилийн 9-р сард багтаан ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, Улсын баяр наадмыг зохион байгуулах хороогоор дамжуулан Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

1.9. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.4., 8.5-д заасан болзол хангасан уяачдад сумын уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталгаажуулж холбогдох шатны засаг даргад өргөн мэдүүлнэ.

Б. Уралдааны зэрэглэл

1.10. Хурдан морины уралдаан нь улсын шигшмэл буюу “Их хурд”, улсын, бүсийн, аймгийн, сумын болон бусад мөн сонгомол гэсэн зэрэглэлтэй байна.

1.11. Улсын шигшмэл буюу “Их хурд” уралдаан гэдэг нь улс, бүс, аймгийн уралдаанаас шалгарсан хурдан морьдын уралдааныг хэлнэ. Энэ нь хурдан морины уралдааны дээд зэрэглэл мөн.

1.12. Улсын уралдаан гэдэг нь Үндэсний их баяр наадам буюу Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан нийслэлд зохион байгуулдаг уралдааныг хэлнэ.

1.13. Бүсийн уралдаан гэдэг нь Засгийн газрын шийдвэрээр ММСУХ болон аймгуудын салбараас эрхлэн гурваас доошгүй аймгийн хурдан морьдыг хамруулан зохион байгуулсан уралдааныг хэлнэ.

1.14. Аймгийн уралдаан гэдэг нь Үндэсний их баяр наадам буюу Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан аймгуудад зохион байгуулдаг уралдааныг хэлнэ.Үүнээс гадна орон нутгийн бүсийн буюу аймгийн зэрэглэлтэй уралдааныг ММСУХ-ны зөвшөөрөлтэйгээр жилд нэг удаа зохион байгуулж болно.

1.15. Сумдын уралдаан гэдэг нь Үндэсний их баяр наадам буюу Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан сумдад зохион байгуулдаг уралдааныг хэлнэ.

1.16. Бусад уралдаан гэдэг нь байгууллага аж ахуй нэгж, хувь хүний санаачилгаар зохион байгуулсан уралдааныг хэлнэ.

1.17. Сонгомол уралдаанд /тойруулгын болон ойр холын гэх мэт/ тус тусын дүрмийг мөрдөнө.

Хоёр. Комиссын эрх, үүрэг

А. Комиссын эрх

2.1. Нийт уяач, хурдан морь унаач хүүхдээс энэ дүрмийн заалтыг нэг бүрчлэн биелүүлэхийг шаардах.

2.2. Дүрмийн 4.1.-д заасан хоригийг хэрэгжүүлэх.

2.3. Гарааны цагаас хоцорсон морийг уралдаанаас хасах.

2.4. Морь уралдах үед цаг уурын таатай бус, нөхцөл буй болбол уралдааныг түр хойшлуулах.

2.5. Энэ дүрмийг зөрчсөн этгээдэд дүрмийн 9.1-2-т заасан хариуцлагыг ноогдуулах асуудлыг зохих байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.

Б. Комиссын үүрэг

2.6. Ямар насны морь аль өдөр уралдах хуваарийг 20 хоногийн өмнө, нас насны морьдын гарах цагийн хуваарийг 3-5 хоногийн өмнө уяачдад зарлан мэдэгдэх.

2.7. Уралдах нас бүрийн гарааны зурхайг тогтоох.

2.8. Адууны нас, шүдийг сайн мэдэх дадлага туршлагатай малын эмч, мал зүйч мэргэжилтэй 3-5 хүнийг сонгон авч уралдах морьдыг шүдлэх ажлыг гүйцэтгүүлж эрхийг нь баталгаажуулах.

2.9. Уяачдаас морьдоо тогтоосон цагт мордуулахыг шаардах.

2.10. Уралдах морьдыг гарааны зурхайд бүрэн хүргэж, зэрэг эргүүлэх.

2.11. Уралдааны явцад бэртэж гэмтсэн хүүхэд, морьдод эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах.

2.12. Маргаантай асуудлыг шударгаар шийдвэрлэх

2.13. Комиссын гишүүд согтууруулах ундаа үл хэрэглэх.

Гурав. Уралдаан

А. Уралдааны ангилал, зай хэмжээ

3.1. Хурдан морьдыг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, жороо гэсэн ангиллаар дараах зайд уралдуулна.

Үүнд:

Зун намрын уралдаанд

-Азарга 22-24 км

-Их нас 25-26 км

-Соёолон 22-24 км

-Хязаалан 17-19 км

-Шүдлэн 12-14 км

-Даага 10-12 км

Хаврын уралдаанд

-Азарга 16 км

-Их нас 18 км

-Соёолон 16 км

-Хязаалан 10 км

-Шүдлэн 8 км

-Даага 6 км

Б. Уралдааны зам

3.2. Уралдааны зам нь унаач хүүхэд, уралдах морины байдлыг бүрэн хангахуйц , мөн морины хурдлах чадварт сөрөг нөлөө үзүүлхээргүй байна.

3.3. Уралдааны замд хэт өндөр даваа, өргөн гол горхи байх нь тохиромжгүй.

3.4. Уралдааны замын ихэнх нь элс хайрга, чулуутай байж болохгүй.

В. Гараа

3.5. Уралдааны морьдыг тогтоосон цагт гаргана.

3.6. Гараан дээр бага дөрвөн насны морьдыг тусгай томилогдсон шүдний комисс бүрэн бүрэлдхүүнээрээ шүдэлж гаргана.

3.7. Шүдээр хасагдсан морьдыг уралдуулахгүй.

3.8. Гарааны цагаас хоцорч ирсэн морьдыг мөн уралдуулахгүй.

Г. Зурхайд хүргэх ба эргүүлэх

3.9. Уралдах морьдын зурхайд хүргэх ажилд оролцох машин, мотоцикль, морьтой хүмүүсийн тоо, бүрэлдхүүнийг комиссын шийдвэрээр зохицуулна.

3.10. Уралдах морьдыг зурхайд хүргэх замдаа хатирч, цогиулахаас илүү хурдтай туухгүй.

3.11. Уралдах морьдыг уралдааны зурхайд бүрэн хүргэж, даамлын дохиогоор эргэсэн тохиолдолд уралдааныг хүчинтэйд тооцно.

3.12. Тухайн насны даамал нь эхний мориноос 0.5 км-ээс багагүй зайд замчлан явна.

Д. Бариа

3.13. Уралдааны морьдыг барианы зурхайн тэмдэглэсэн зураас дээр ирсэн дарааллаар барина.

3.14. Айргийн тавын морьдыг морь бариач пайзаар, хойшхи морьдыг хүүхдэд олгосон дугаараар, дуу, дүрс бичлэгийг техник хэрэгсэл ашиглан дуудаж, барина.

3.15. Барианд зэрэгцэж ирсэн хоёр мориноос аль нэгний нь хушуу илүү гарсан бол тэр морийг урд нь барих ба хушуу илүү гараагүй бол зөв талын морийг эхэлж барина.

3.16. Уралдаанд хүүхэдгүй давхиж ирсэн морийг таван мориор хойшлуулж барина. Жич: Хэрэв хурдан морь унаач хүүхэд нь барианы зурхайн орчим болон наадамчдын нүдний өмнө мориноосоо унавал хаана барихыг комисс шийдвэрлэнэ.

3.17. Жолоог богиносгосон, дэл, сойлго, эмээлд нь уяж бэхлэх зэргээр зориуд санаатайгаар хүүхэдгүй ирүүлсэн морийг уралдаанаас хасна.

3.18. Бага дөрвөн насанд түрүүлж айрагдсан морьдыг уралдааны дараа дахин шүдэлж, тухайн насны бус нь тогтоогдвол уралдаанаас хасч дараагийн морийг урагшлуулж барина.

3.19. Хурдан морь нь унаач хүүхэд бариан дээр зэрэгцэж ирсэн хүүхэд, моринд саад хийвэл нөгөө морийг тухайн хүүхдийн унасан морины урд нь оруулна.

3.20. Уралдсан морьдын хэдэн хувийг барихыг уралдаан зохион байгуулагчид шийдэх бөгөөд харин морьдын 1/3-ээс доошгүй хувьд нь амжилтыг баталгаажуулсан үнэмлэх олгоно.

3.21. Барианы маргаантай асуудлыг комиссын дийлэнх олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ.

Дөрөв. Хурдан морины уралдаанд хориглох зүйлс.

4.1. Хурдан моринд допингийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэх.

4.2. Уралдааны замаас морь оруулах, зурхайд хүрэхгүй эргэх.

4.3. Уралдаж яваа морийг зориуд хөөх, эсвэл түүнд саад хийх.

4.4. Бүртгүүлээгүй буюу унасан хүүхэд нь дугаар зүүгээгүй морийг уралдуулах.

4.5. Уралдааны комиссын болон хүн, мал эмнэлгийн машинд уяач суулгаж морь дагах.

4.6. Уралдааны замд яваа хүүхдийг элдэв хэлбэрээр удирдах.

4.7. Билгийн тооллын намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-нийг хүртэл уралдаан зохион байгуулах.

Тав. Уяачдын эрх, үүрэг

А. Эрх

5.1. Хурдан морины уралдааны дүрмийг зөрчсөн аливаа үйлдлийг засан залруулахыг комиссоос шаардах.

5.2. Уралдааны зохион байгуулалтын талаар санал, гомдлоо амаар, бичгээр илэрхийлж, комиссоос зохих тайлбар, хариулт авах.

5.3. Шүдний маргаанд хөндлөнгийн гэрч оролцуулахыг шаардах, өөрийнхөөсөө бусад морьдын шүдний маргаанд хөндлөнгийн гэрчээр оролцох.

5.4. Уралдсан морио буруу барьсан гэж үзвэл бодит баримт дээр үндэслэн, залруулахыг комиссоос шаардах.

5.5. Бүртгүүлсэн морио уралдуулахгүй байх, морио уралдааны замд татуулах.

5.6. Хүн, малын эмчийг дуудаж үйлчлүүлэх.

Б. Үүрэг

5.7. Хурдан морины уралдааны дүрмийг бүрэн судалж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хурдан морьдоо уяж уралдуудах.

5.8. Уясан морьдынхоо уяа сойлтыг зөв, сайн тохируулж, уралдааны өндөр шалгуурыг даван туулж, амжилттай уралдах бэлтгэлийг бүрэн хангах.

5.9. Хурдан морь унаач хүүхдийнхээ эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч болон өөрөөс нь зөвшөөрөл авсан байх.

5.10. Хурдан морийг 7 ба түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд хамруулах.

5.12. Хурдан морь унаач хүүхэд болон уралдуулах морьдоо нийгмийн даатгалд хамруулах.

5.13. Хурдан морины эмээл хазаарыг сайн бөхөлж, хүүхдийн аюулгүй байдлыг найдвартай хангах.

5.13. Хурдан морины уралдааны дүрмийн холбогдох заалтыг хүүхэддээ сайн тайлбарлаж өгөх, ялангуяа морио зурхайд хүргэж эргүүлэхийн чухлыг бүрэн ойлгуулах.

5.14. Уясан морьдоо зарласан цагт бүртгүүлж, тогтоосон цагаас хоцроохгүйгээр гаргах.

5.15. Нийгмийн хэв журмыг сахиж, наадмын дэг жаягийг баримтлан, комиссын шаардлагыг биелүүлэх.

5.16. Хурдан морьдоо бэртэл гэмтэл, осол эндэгдэлгүйгээр уях харицлагыг уяач өөрөө хүлээнэ.

Зургаа. Унаач хүүхдийн эрх, үүрэг

А. Эрх

6.1. Хурдан морь унаач хүүхэд нь сайн дурын үндсэн дээр морь унах ба эх, эцгээсээ зөвшөөрөл авсан байх.

6.2. Хурдан морь унасны төлөө уяачаас зохих шан хөлс авах.

6.3. Уралдааны замд эмээлийн олом, жирэм сулрах зэрэг бусад шаардлага гарвал морины комисст хэлж тусламж авах.

6.4. Эцэг, Эх, хууль ёсны асран хамгаалагч нь морь унахыг зөвшөөрсөн боловч хүүхэд өөрөө тухайн морийг унахаас татгалзах.

Б. Үүрэг

6.5. Энэ дүрэмд заасан морь унаач хүүхдийн эрх, үүргийг ойлгосон байх.

6.6. Хурдан морины комиссын тавьсан шаардлагыг биелүүлэх.

6.7. Гарааны зурхайд хүрч эргэх.

6.8. Уралдааны явцад зам товчлохгүй, арын морийг хаахгүй, ялангуяа барианы зурхай дээр хажуугийн моринд саад хийхгүй байх.

6.9. Морь чинь тангардаг бол бусад хүүхдэд урьдчилан хэлж сануулж явах.

6.10. Уралдааны замд морины давхил суларч, багтарч байвал морио татан авч цаашид уралдуулахгүй байхаас гадна уралдааны замаас зайлж өгөх.

Долоо. Цол, бай шагнал, бооцоо

7.1. Түрүүлж, айрагдсан морьдыг уламжлалын дагуу цоллоно. Цоллохдоо уг морины эзэн уяач, морины зүс, түүний амжилт, угшлийг дурдана.

7.2. Хурдан морины бай, шагналын хэмжээг уралдаан зохион байгуулагч тогтооно.

7.3. Хурдан морь унаж амжилттай уралдсан хүүхдэд цол олгуулах асуудлыг аймгийн МСУХ тухайн шатны засаг даргад өргөн мэдүүлнэ.

7.4. Тухайн уралдаанд айрагдаж түрүүлэн болон дээгүүр давхисан морийг хувь хүн, байгууллага тусад нь шагнаж урамшуулж болно.

7.5. Хурдан морины уралдаанд бооцоо тавихыг зөвшөөрнө.Бооцоог тусгай эрх авсан байгууллага зохион байгуулж ММСУХ-нд зохих шимтгэл төлнө.

Найм. Мэдээлэл, сурталчилгаа

8.1. Хурдан морины уралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр сурталчилахыг хүсэгчид уг уралдааныг зохион байгуулагчтай тохиролцон зөвшилцсөний үндсэн дээр сурвалжилна.

8.2. Сурвалжлагч хурдан морины уралдааны дүрмийг судалж, шаардлагыг нь биелүүлнэ.

8.3. Сурвалжлагч комисстой зохицсон шаардлагын хүрээнд, хурдан морины уралдаанд саад хийхгүй, уралдааны замаас тодорхой зайтай, салхины доод талаар морь дагаж болно.

8.4. Сурвалжлагч нь хурдан морины уралдааны талаар олон түмэнд үнэн зөв, бодитой мэдээлэл хүргэх үүрэгтэй.

8.5. Уралдаанд сурвалжлага, тайлбар хийхдээ уяач, хүүхдийн нэр төрд халдаж болохгүй.

Ес. Хариуцлага

9.1. Хурдан морины уралдааныг будлиантуулсан хүмүүст зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

9.2. Энэ дүрмийн заалтыг зөрчвөл дараах шийтгэлийг ноогдуулна.

- Холбогдох байгууллага, хүмүүст уяач унаач хүүхдийн цолыг бууруулах санал тавих

-Хурдан морь уралдуулах эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасах

-Хурдан морь унаж уралдах эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар хасах.

Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хууль, эрх зүйн бусад баримт бичиг, орчин цагийн нийгмийн шаардлага, хөгжлийн чиг хандлагыг харгалзан боловсруулж Монголын уяачдын их хурлаар баталсан энэхүү дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдаан зохион байгуулахад нэг мөр дагаж мөрдөнө. Уг дүрмийг хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлэх нь хурдан морины уралдааныг зохион байгуулагчид, уяач, хурдан морь унаач хүүхэд, морь сонирхогчид, үзэгчдийн эрхэм үүрэг мөн.