ММСУХ-ны Дүрэм

1 дүгээр зүйл. Холбооны зорилго

1.1. Монголын морин спорт, уяачдын холбоо нь манай ард түмний дунд уламжилж ирсэн хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, үндэсний спортын энэ төрлөөр мэрэгшсэн олон мянган уяачдын болон хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, сонгомол морин спортын боломжтой төрлийг эх орондоо хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нийгэмд үйлчилдэг, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага мөн.

2 дугаар зүйл. Холбооны ажлын чиг үүрэг

2.1. ММСУХ нь хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулж улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.

2.2. Холбоо нь биеийн тамир спортын төв байгууллагуудын бодлогын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна.

2.3. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдааныг ММСУХ, түүний салбарууд тэдэнтэй харилцан тохиролцсон байгууллага, хувь хүмүүс хамтран зохион байгуулна.

2.4. Үндэсний морин уралдааныг улам боловсронгуй болгон, түүний зохион байгуулалтын арга зүйд нэвтрүүлж буй шинэчлэлийг цаашид тогтмолжуулан хэвшүүлнэ.

2.5. Үндэсний баяр наадмын хууль, улсын спортын цол, зэргийн нэгдсэн ангилалд заасан хүрээнд уяачид, хүүхдэд цол олгох асуудлыг зохион байгуулна.

2.6. Үндэсний болон сонгомол морин уралдааны материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна.

2.7. ММСУХ нь гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаална.

2.8. Уяачид, хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх тогтолцоог боловсронгуй болгоно.

2.9. Хурдан морь унасан хүүхэд, мөн хурдан морины эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулна.

2.10. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны бүрэлдэхүүнд Морин спорт, Уяачдын холбооны төлөөллийг оролцуулна.

2.11. Хурдан удам угшлийн адуу буй болгох ажлыг хөхүүлэн дэмжинэ.

2.12. ММСУХ нь олон улсын хэмжээнд морин спортын асуудлаар Монгол улсыг төлөөлнө.

2.13. Сонгомол морин спортын боломжтой төрлийг хөгжүүлэх, олимп, дэлхий, олон улсын тэмцээнд оролцох асуудлыг дэс дараатай хэрэгжүүлнэ.

2.14. ММСУХ нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж болно.

3 дугаар зүйл.Холбооны зохион байгуулалтын бүтэц

3.1. Монголын морин спорт, Уяачдын холбоо нь:

  • Их хурал
  • Тэргүүлэгчид
  • Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга
  • Аймаг, нийслэлийн салбар холбоо
  • Сум дүүргийн салбар холбоо гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байна.

3.2. Холбоо нь туг, билэгдэл, тамга, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

4 дүгээр зүйл. Их хурал

4.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Их хурал мөн.
4.2. Их хурлыг 4 жил тутамд хуралдуулна.
4.3. Ээлжит бус их хурлыг тэргүүлэгч гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар хуралдуулж болно.
4.4. Их хурал дараах эрх эдлэнэ.
- Холбооны үйл ажиллагааны бодлого, түүний тэргүүлэх, чиглэлийг тодорхойлно.
- Холбооны тэргүүлэгчдийг (удирдах зөвлөлийг) 45 гишүүнээр тогтоож, гишүүдийг илээр сонгоно.
- Холбооны Ерөнхийлөгчийг сонгох
- Холбооны болон хяналтын албаны тайланг хэлэлцэж батлах.
- Холбооны туг, билэгдлийг хэлэлцэж батлах.
4.5. Их хурлаас Холбооны хүндэт тэргүүлэгчдийг сонгож болно. Сонгогдсон хүндэт тэргүүлэгчид нь тэргүүлэгч гишүүний адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
4.6. Их хурлын тайлангийн хугацаанд орсон, гарсан тэргүүлэгч гишүүдийн асуудлыг ерөнхийлөгч тэргүүлэгчдийн хуралд хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

5 дугаар зүйл. Тэргүүлэгчид

5.1. Тэргүүлэгчдийг их хурлаас сонгоно.
5.2. Тэргүүлэгчид жил тутам тогтоосон хэмжээний татварыг төлснөөр тэдний бүрэн эрх хангагдана.
5.3. Тэргүүлэгчид улирал тутам хуралдана.
5.4. Тэргүүлэгчид дараах эрх, үүргийг эдлэнэ.
- Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно.
- Холбооны үйл ажиллагааны бодлогыг тодорхойлоход өөрийн саналыг оруулна.
- Улсын хэмжээнд зохиогдож байгаа хурдан морины уралдааны зохион байгуулалтын ажилд хяналт тавин оролцоно.
Орон нутгийн болон улсын чанартай бүсийн уралдааныг санаачлан холбооны төлөвлөгөөнд тусгуулан зохион байгуулж болно.
- Тэргүүлэгчдийн татварын хэмжээг тогтооно.
- Уяачдын улсын цол олгох асуудлыг хэлэлцэж, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороогоор уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих.
- Тэргүүлэгчдийн хурлаар баталсан хуваарийн дагуу ажил төрлийн үүрэг хүлээнэ.

6 дугаар зүйл. Ерөнхийлөгч

6.1. Ерөнхийлөгч нь холбооны ажлыг чиглүүлэн удирдаж, холбоог төлөөлөн гадаад дотоодын байгууллага албан тушаалтантай харилцана.
6.2. Ерөнхийлөгч нь тэргүүн дэд ерөнхийлөгч ,дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг удирдаж, уялдуулан зохицуулна.
6.3. Ерөнхийлөгч нь холбооны хөрөнгө, санхүүг бэхжүүлэх ажлыг зохион байгуулна.
6.4. Ерөнхийлөгч нь холбооны хөрөнгө, санхүүг захиран зарцуулна.
6.5. Ерөнхийлөгч нь тэргүүлэгчдийн хурлыг удирдана. Ерөнхийлөгч хуралд оролцоогүй нөхцөлд тэргүүн дэд ерөнхийлөгч удирдана.
6.5. Ерөнхийлөгч 1 удаа улиран сонгогдож болно.

7 дугаар зүйл. Тэргүүн дэд ерөнхийлөгч

7.1. Ерөнхийлөгчийн эзгүйд холбооны ажлыг чиглүүлэн удирдана.
7.2. Холбооны хөрөнгө, санхүүг бэхжүүлэх бодлогод идэвхтэй оролцоно.

8 дугаар зүйл. Дэд ерөнхийлөгч

8.1. Холбооны бодлого, үйл ажиллагаа, тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэхэд ажил хэрэгчээр оролцох.
8.2. Ерөнхийлөгч болон тэргүүлэгчдийн хурлаас тусгайлан даалгасан асуудлыг хариуцна.
8.3. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны бодлоготой холбооны бодлогыг уялдуулан зохицуулж ажиллана.

9 дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн дарга

9.1. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Холбооны бодлогыг боловсруулан төсөв төлөвлөгөө гаргаж, тэргүүлэгчдийн хурлаар батлуулан ажиллана.
9.2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь орон тооны ажилтан мөн.
9.3. Ерөнхий нарийн бичгийн дарга нь холбооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны төв болон салбар холбоод нь ажлын аппараттай байж болно.
9.4. Ерөнхий нарийн бичгийн дарга нь биеийн тамир, спортын төв байгууллагуудтай ажил төрлийн байнгын холбоотой ажиллана.
9.5. Ерөнхий нарийн бичгийн дарга нь аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоодын ажилд удирдамж, чиглэл өгч, дэмжлэг үзүүлнэ.

10 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн салбар

10.1. ММСУХ нь аймаг, нийслэлд, сум дүүрэгт салбартай байна.
10.2. Аймаг нийслэлийн салбарууд нь ММСУХ-ны бодлогыг орон нутагт зохион байгуулан хэрэгжүүлнэ.
10.3. Аймаг, нийслэлийн салбарууд нь өөр өөрийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдааныг удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулна.
10.4. Аймаг, нийслэлийн салбарууд нь уяачдын бага хурлаас тэргүүн, тэргүүлэгчдээ сонгоно. Тэргүүнийг ММСУХ-ны Ерөнхийлөгч батална.
10.5. Аймаг, нийслэлийн салбарууд өөрийгөө санхүүжүүлнэ.
10.6. Уяачдын улсын цолны тодорхойлолт, материалыг ММСУХ-нд өргөн мэдүүлнэ.
10.7. Уяачдын аймгийн цол, хүүхдийн цолны асуудлыг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
10.8. Аймаг, нийслэлийн салбарууд нь сум, дүүрэгтээ салбартай байна.
10.9. Энэ дүрмийн хүрээнд дотооддоо дүрэм, журам боловсруулан мөрдөж болно.

11 дүгээр зүйл. Холбооны гишүүдийн эрх, үүрэг

11.1. Холбооны болон уралдааны дүрмийг зөвшөөрч, хурдан морь уяж уралдуулж байгаа уяачдыг өөрийн нь хүсэлтээр холбооны гишүүнээр элсүүлнэ. Холбооны гишүүн жилд 5000 төгрөгний татвар төлнө.
11.2. Холбооны зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны талаар саналаа их хурал хүртэл тавих эрхтэй.
11.3. Холбооны бүх шатны байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.
11.4. Улс, аймаг, сумын цолны болзол хангасан үедээ уул цолуудад өөрийгөө тодорхойлуулах хүсэлт тавих эрхтэй.
11.5. Холбооны нэр хүндийг өргөж, түүнээс зохиож байгаа ажилд идэвхтэй оролцох үүрэгтэй.
11.6. Холбооны болон уралдааны дүрмийг ягштал биелүүлэх үүрэгтэй.

12 дугаар зүйл. Санхүү

12.1. Холбооны хөрөнгө санхүү нь тэргүүлэгч гишүүдийн татвар, байгууллага иргэдийн хандив тусламжийн хөрөнгө, төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө болон хуулинд зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
12.2. Дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан аж ахуйн болон санхүүгийн үйл ажиллагаа явуулж болно.

13 дугаар зүйл. Хяналтын алба

13.1. Хяналтын албыг их хурлаас 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
13.2. Хяналтын албаны даргыг албаны гишүүд сонгоно.
13.3. Хяналтын алба нь холбооны хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина.

14 дүгээр зүйл. Татан буугдах журам

14.1. Холбоо үйл ажиллагаагаа зогсоож, татан буулгахад хүрвэл шийдвэрийг их хурал гаргана.
14.2. Татан буугдах үед үлдсэн эд хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.